UB 8°C USD 3,576.22 EUR 4,208.14 CNY 525.74
2026-05-09
1778216338_5adcb3de4d0cc221a360

Монгол Улс 2026 оны 4 дүгээр сарын 22-ноос 5 дугаар сарын 4-ний өдрүүдэд Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас зохион байгуулсан Иргэний нисэхийн аюулгүй байдлын аудит хөтөлбөр – Байнгын хяналтын аргачлал (USOAP-CMA)-ын бүрэн хэмжээний аудит шалгалтад хамрагдлаа.

Тус аудитын хүрээнд Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Нислэгийн цаг уурын төв (НЦУТ) олон улсын стандарт, шаардлагын хэрэгжилтээ шалгуулж, амжилттай оролцов.

Аудитын бэлтгэл ажлыг хангах зорилгоор ЦУОШГ-ын даргын тушаалаар 2025 оны 10 дугаар сард Улсын сүлжээний газрын даргаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулж, нислэгийн цаг уурын үйлчилгээний үйл ажиллагаа, баримт бичиг, чанарын удирдлагын тогтолцоог олон улсын шаардлагад нийцүүлэн шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлсэн юм.

Бэлтгэл ажлын хүрээнд Зам, тээврийн сайдын 2025 оны А/250 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ИНД-174 “Нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт” дүрэмтэй уялдуулан нисэхийн цаг уурын үйлчилгээний үндсэн журам, техникийн баримт бичиг, гарын авлага, чанарын баримт бичгүүдийг шинэчлэн боловсруулж, монгол болон англи хэлээр орчуулан баталгаажуулсан.

Үүнд:

* ICAO Annex 3-ын 81, 82 дугаар нэмэлт өөрчлөлтийг тусган “Нисэхийн цаг уурын үйлчилгээний хангалт – Техникийн баримт бичиг”-ийг шинэчлэн боловсруулж, 2026 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр батлуулсан;

* WMO-No.1100, WMO-No.49, PANS MET Doc 10157, ICAO Doc 9377, ICAO Doc 8896, ICAO Doc 9817 зэрэг олон улсын суурь баримт бичгүүдийг орчуулан, үндэсний журам, заавар, гарын авлагад тусгасан;

* Нисэхийн цаг уурын үйлчилгээний ажилтнуудын сургалт, ур чадварын үнэлгээ, мэргэшлийн тогтолцоог шинэчлэн боловсруулсан;

* Нислэгийн цаг уурын кодын заавар болон байгууллагын ерөнхий зааварт нэмэлт өөрчлөлт оруулсан зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүлэв.

Мөн аудитын бэлтгэлийн хүрээнд Чингис хаан олон улсын нисэх буудал болон Буянт-Ухаа олон улсын нисэх буудал орчмын 30 км радиуст нам өндрийн шилжлэг салхины тооцооллыг газрын гадаргаас дээш 1 км хүртэл өндөрт, 30 метрийн босоо алхам, 600 метрийн хэвтээ нарийвчлалтайгаар хийж, 48 цаг хүртэлх хугацааны 30 минут тутмын урьдчилсан мэдээ, анхааруулгын үйлчилгээг нэвтрүүлэн ашиглаж эхэллээ.

Шилжлэг салхины урьдчилсан мэдээг ЦУОШГ-ын шинэ суперкомпьютерийн хүчин чадалд тулгуурлан WRF v4.7 загвараар өдөрт хоёр удаа 3 км болон 0.6 км нарийвчлалтайгаар тооцоолж байгаа нь нислэгийн аюулгүй ажиллагааг хангах, эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

Далайд гарцгүй Монгол Улсын хувьд агаарын тээврийн салбар нь эдийн засаг, аялал жуулчлал, олон улсын харилцааны стратегийн чухал салбар бөгөөд нисэхийн цаг уурын үйлчилгээ нь нислэгийн төлөвлөлт, аюулгүй ажиллагаа, тасралтгүй үйл ажиллагааны үндсэн тулгуур хэвээр байна.

Олон улсын аудитын бэлтгэл ажлыг хангах, орчуулга, хяналт, техникийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон ЦУОШГ-ын удирдлагын багийн гишүүд, ICAO-ын шалгалтад бэлтгэх ажлын хэсэг, Нислэгийн цаг уурын төвийн хамт олон, мөн шилжлэг салхины тооцоололд дэмжлэг үзүүлсэн УЦУОСМХ-ийн ХОУТЗСХ-ийн албан хаагчдад талархал илэрхийлье.

Та сэтгэгдэл бичихдээ ёс бус үг хэллэг ашиглахгүй байхыг хичээнэ үү!

Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн