UB 24°C USD 3,576.28 EUR 4,137.76 CNY 528.84
2026-06-16
724569637_1296709332616946_6219840409141142307_n-1536x934


Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмрээр “Оюу толгой” компани ТОП-100 жагсаалтыг 4 дэх жилдээ тэргүүллээ.

Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээлцэж буй нийт 17,000 гаруй оюутолгойчууд, ханган нийлүүлэгч компаниуд болон нийт ТОП-100 аж ахуйн нэгжүүддээ халуун баяр хүргэе!

Шагнал гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, “Монгол Улсын ТОП-100 аж ахуй нэг гэдэг бол зүгээр нэг нэрсийн жагсаалт биш. Энэ бол 100 хариуцлага, 100 бахархал, Монголын хөгжлийн 100 хөдөлгүүр юм.

Энх цагийн хамгийн эх оронч үйл хэрэг бол ажиллаж, хөдөлмөрлөж, баялаг бүтээж, татвараа шударгаар төлж, улс орныхоо ирээдүйг бүтээлцэх явдал юм. Эх орны хөгжил та бүхний татварын тайлан дээр, шинэ төслийн тооцоолол дээр, ажилтнуудын цалингийн хуудсан дээр, үйлдвэр, уурхай, барилга, үйлчилгээний талбар дээр өдөр бүр бодитоор бүтээгдэж байна” хэмээн онцоллоо.

2025 онд “Оюу толгой” компани нийт 2.34 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлсөн нь Монгол Улсын нэгдсэн төсвийн татварын орлогын ойролцоогоор 9%-ийг бүрдүүлсэн байна.

Үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд өнгөрөгч онд 8.4 их наяд төгрөг төлсөн нь өдөр бүр 23 тэрбум төгрөгийг Монгол Улсад зарцуулан, эдийн засгийн эргэлтэд оруулсан гэсэн үг юм.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний MMCG компанийн “Монгол Улсын эдийн засаг, нийгэмд “Оюу толгой” компанийн оруулж буй хувь нэмэр*” бие даасан судалгааны тайлангаас харахад хэрэв Оюу толгой байгаагүй бол 2015-2022 онд буюу 8 жилийн турш эдийн засгийн өсөлт жил бүр хасах (-) гарах байв.  Энэ хугацаанд Оюу толгойгоос хамаарсан эдийн засгийн өсөлт жил бүр дунджаар 12.1% байж, Монгол Улсын эдийн засаг жилд дунджаар 3.1%-иар өсжээ.

Оюу толгойн чадварлаг хамт олон 2025 онд гүний уурхайн өндөр агууламжтай хүдрийг боловсруулж, металл ялгалтыг сайжруулах зорилготой баяжуулах үйлдвэрийн тохируулгын төслийг амжилттай хэрэгжүүллээ. Мөн Монголдоо анхдагч Гүний уурхайгаас газрын гадарга руу хүдэр тээвэрлэх туузан дамжуургыг амжилттай ашиглалтад оруулсан. Эдгээр бүтээн байгуулалтууд нь Оюу толгойг дэлхийд тэргүүлэх зэсийн уурхайн нэг болоход чухал хувь нэмэр оруулах юм.

Зөвхөн уурхайн үйл ажиллагаа, татвар, хураамжаас гадна олон салбарт хувь нэмрээ оруулж байгаагаас дурдвал:

  • Боловсрол, түүх, өв соёл, дэд бүтэц зэрэг чиглэлд орон нутгийн тогтвортой хөгжлийн төслүүдэд 2011 оноос хойш нийт 482.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ.
  • 2010 оноос хойш улсын хэмжээнд 2,323 оюутанд гадаад болон дотоодын боловсролын тэтгэлэг олгон, 1,617 оюутан сурагч манай Шинэ төгсөгчийн хөтөлбөр, Дадлагын болон Дадлагажигч хөтөлбөр, ажил, хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрт хамрагдсанаар боловсролтой, чадварлаг ирээдүйн боловсон хүчин бэлтгэхэд багагүй хувь нэмэр оруулжээ.
  • Нэг тонн хүдэр боловсруулахад ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын уурхайнуудаас дунджаар 3 дахин бага ус зарцуулж байна. Үйлдвэрлэлийн усны дахин ашиглалт дунджаар 86.7% байна. Ус ашигласны төлбөрт 2013 оноос 2025 оны эцсийн байдлаар нийт 218 тэрбум төгрөг төллөө.
  • “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийн хүрээнд 36.4 сая гаруй модтой дүйцэх хөрөнгө оруулалтыг Монгол Улсын ойн салбарт оруулаад байна. 2026 оны сүүл гэхэд энэ тоо 45-50 сая болно.

“Оюу толгой” компани уурхайн цогцолбороороо хязгаарлагдахгүй Монгол орны өнцөг булан бүрд эерэг нөлөөллийг бий болгож байна.

*Монгол Улсын эдийн засаг, нийгэмд “Оюу толгой” компанийн оруулж буй хувь нэмэр судалгаа:

Эх сурвалж: Оюутолгой компани

Та сэтгэгдэл бичихдээ ёс бус үг хэллэг ашиглахгүй байхыг хичээнэ үү!

Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн