Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнөөдөр (2026.06.15) Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон, Эдийн засаг, хөгжлийн албаны дарга Квак Хансоль, БНСУ-ын Экспорт, импортын банкны (KEXIM) Монгол дахь суурин төлөөлөгч Пак Гван Ү нарыг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр сайд Б.Найдалаа “БНСУ бол хамтран ажиллах талаар хэлэлцэх зүйл ихтэй, чухал түнш орон” хэмээн тодотгоод, салбартаа 139 буюу нэг бодлого, гурван зарчим, есөн ажил гэсэн томьёоллоор шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж байгаа талаараа танилцуулав. Тэрбээр мөн “Монгол Улс бүс нутгийн хэмжээнд эрчим хүчний тоглогч болох зорилттой ажиллаж байгаа. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (КOP17) үеэр Монгол Улсын эрчим хүчний шилжилтийн стратегийг танилцуулахаар төлөвлөж байна. Үүнд сэргээгдэх эх үүсвэр, Устөрөгчийн стратеги багтаж буй юм. Эрчим хүч экспортлох бодлогын хүрээнд хөнгөн, хүнд аж үйлдвэр, дата төвүүдийг хөгжүүлэхийг зорьж байгаа. Энэ чиглэлд БНСУ-тай илүү өргөн хүрээнд, стратегийн түвшинд хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээгээд, салбартаа хэрэгжүүлж буй ажлуудынхаа талаар танилцууллаа.
Элчин сайд Чой Жин Вон “Монгол Улс нүүрс, нар, салхины ихээхэн нөөцтэй, цаашид нэмүү өртөг шингээн эрчим хүч үйлдвэрлэхэд ихээхэн анхаарч буй гэж харж байгаа” гээд, Мандалговьд шинэ эх үүсвэр барих төслийг сонирхож байгаа талаараа дурдав.
БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл” хэрэгжүүлэхээр хоёр улсын Засгийн газар хооронд зээлийн гэрээ байгуулсан. Уг төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани дампуурлаа зарласан тул төсөл зогсонги байдалд ороод буй. Өдгөө Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Төв, Дундговь, Хэнтий, Говьсүмбэр, Сүхбаатар аймагт 45-48 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
Эл төслийн явц зогссонд Элчин сайд Чой Жин Вон уучлалт хүсээд, төслийг цаашид цаг алдалгүй үргэлжлүүлж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг түргэвчлэхийн тулд гурван хувилбар бүхий санал дэвшүүлж байгаагаа хэлэв. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Төслийг үргэлжлүүлэхэд анхаарч, ойрын хугацаанд шийдвэрлэнэ” хэмээгээд, “Дээр дурдсан төслийн хувьд Дундговь аймгийн Мандалговьд 100 МВт-ын салхин цахилгаан станцын бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчийг сонгон шалгаруулна. Тус байршил нь салхины арвин нөөцтэй газар. БНСУ-ын хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулалтад идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна” гэв.
Өмнөх жилүүдтэй харьцуулахад БНСУ-ын хөрөнгө оруулагчид Монгол Улсын эрчим хүчний салбар, ялангуяа сэргээгдэх эх үүсвэрийн нөөц, боломжийн талаар илүү мэдээлэлтэй болж, хамтран ажиллах сонирхол нэмэгдэж буйг Элчин сайд Чой Жин Вон онцолж байлаа. Талууд цаашид хоёр улсын эрчим хүчний салбарт илүү өргөн хүрээнд, бүс нутгийн хэмжээний төсөл хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахад санал нэгдэж байгаагаа илэрхийлэв.

Та сэтгэгдэл бичихдээ ёс бус үг хэллэг ашиглахгүй байхыг хичээнэ үү!