Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээг Дундговь аймагт зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд “Хүүхэд хамгааллын тогтолцоонд анхаарах зарим асуудал-Дундговь аймаг” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Дундговь аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга, Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд, хамтарсан баг, хүүхдийн эрхийн улсын байцаагч, Прокурорын газар, Цагдаагийн газар, Боловсролын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын төлөөлөл болон сурагчдын төлөөлөл оролцов. ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан хэлэлцүүлгийн үеэр Дундговь аймгийн Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөл болон Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо 2022-2025 онд чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн талаар дурдаж, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хүүхэд хамгааллын бодлогыг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Тэрбээр байгууллага бүр хүүхэд хамгааллын бодлого баталж хэрэгжүүлэх, цалингийн сангийн нэг хүртэл хувийг хүүхэд хамгааллын ажилд зарцуулах, хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах чиглэлд хариуцлагатай ажиллахыг зөвлөсөн юм. Мөн хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны кейс шийдвэрлэлтийн ажиллагаа хангалтгүй байгааг дурдаж, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны цалин, аюулгүй байдлын баталгааг сайжруулах, хүүхэд үрчлэлтийн асуудалд хяналт тавих шаардлагатайг анхаарууллаа. Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, хүний нөөцийн дутагдалтай, хүүхэд хамгааллын мэргэжилтэнгүй удсан, орон нутагт интернетийн хүртээмж хангалтгүй зэрэг тулгамдсан асуудлыг танилцуулж, хүүхдийн эрхийг хангах чиглэлээр орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулан ажиллахаа илэрхийллээ.

Та сэтгэгдэл бичихдээ ёс бус үг хэллэг ашиглахгүй байхыг хичээнэ үү!