Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр сайд Б.Найдалаа Монгол Улсын эрчим хүчний салбарт баримталж буй бодлого, чиглэл, зарчим болон зорилтот ажлуудаа танилцуулсан юм. Тухайлбал, тархмал эх үүсвэрийн систем бүрдүүлэх, эрчим хүчний системийг ухаалаг болгох, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, засаглалыг сайжруулж, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт татах зэрэгт анхаарч байгаагаа онцоллоо.
Суурин төлөөлөгч Матилда Димовска хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс гэр хорооллын өрхүүдэд нарны эрчим хүчинд суурилсан халаалтын шийдлийг нэвтрүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлж байгааг дурдсан юм. Түүнчлэн цэвэр эрчим хүчийг богино хугацаанд өргөн хүрээнд ашиглах тодорхой шийдэл, саналуудыг боловсруулсан талаараа өгүүлэв.
Уулзалтын үеэр Монгол Улсын тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эх үүсвэрийн шийдлүүдийг зөвхөн нийслэлд бус, орон нутагт, тэр дундаа эмнэлэг, сургууль зэрэг барилга байгууламжид нарны эрчим хүчний технологи нэвтрүүлэх, эл салбарын мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулах, шинэ инновацыг дэмжих зохицуулалтын туршилтын орчин бүрдүүлэх боломжийн талаар хэлэлцлээ.
Цэвэр эрчим хүчний технологийн туршилт, бодлого болон санхүүжилтийн шинэ механизмуудыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж буй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн үйл ажиллагааг дэмжихээ салбарын сайдын зүгээс илэрхийлэв.

Та сэтгэгдэл бичихдээ ёс бус үг хэллэг ашиглахгүй байхыг хичээнэ үү!