UB 8°C USD 3,576.35 EUR 4,160.01 CNY 528.06
2026-06-09
DSC04405-1536x1024

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын банкны холбоо, ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран “Цахим залилангаас сэргийлье” аяныг эхлүүллээ.

Үндэсний хэмжээнд нэг сарын хугацаатай зохион байгуулах энэхүү аяны талаар өнөөдөр /2026.05.19/ хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл өгөв.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран хэвлэлийн бага хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улс олон улсын байгууллага, түнш орнуудтай Кибер аюулгүй байдлын чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, туршлага солилцох, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд анхаарч ажилладаг. Үүний нэг илрэл нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Япон Улсын ЖАЙКА олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах 2024-2026 хөтөлбөр” юм. Хөтөлбөрийн хүрээнд цахим орчны аюулгүй байдал, цахим хэрэглээний мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, цахим залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх арга хэмжээнүүдийг тодорхой үе шаттай авч хэрэгжүүлж байна.

Мэдээллийн технологи хурдтай хөгжиж, иргэдийн цахим сүлжээний хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Нийт иргэдийн 83 хувь нь буюу таван хүн тутмын дөрөв нь цахим сүлжээ ашигладаг гэсэн тоон судалгаа бий. Тиймээс бид олон нийтийн цахим ур чадварыг хөгжүүлэх, олон нийтийн сүлжээнд залилан мэхлэх гэмт хэрэг, хуурамч мэдээллээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулж ажилладаг. Та бүхэн “Цахим залилангаас сэргийлье” үндэсний аяныг дэмжээрэй” хэмээн уриалав.

Хэвлэлийн бага хуралд мөн Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяр, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Цахим халдлага залилантай тэмцэх хариу арга хэмжээний хэлтсийн дарга, хошууч Э.Батмөнх, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар,  Харилцаа холбооны зохицуулах хорооны Интернет сүлжээ үйлчилгээний газрын дарга Б.Дашбалбар, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн захирал Э.Амарсанаа нар оролцож, хариуцсан чиг үүргийнхээ хүрээнд мэдээлэл өглөө.

Та сэтгэгдэл бичихдээ ёс бус үг хэллэг ашиглахгүй байхыг хичээнэ үү!

Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн