“Туулын хурдны зам” төсөлтэй холбоотойгоор Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, уг төслийн байгаль орчны үнэлгээ, эдийн засгийн үндэслэл, ил тод байдлын асуудлуудыг өргөн хүрээнд хөндөн хэлэлцсэн. #SaveTuul
Хэлэлцүүлгийн мөрөөр холбогдох яам, агентлаг, нийслэлийн байгууллагуудаас дараах үндсэн чиглэлүүдээр дэлгэрэнгүй мэдээлэл шаардаж албан хүсэлт явууллаа. Үүнд:

Байгаль орчны асуудлын хүрээнд Байгаль орчны яамнаас уг төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ бүрэн хийгдсэн эсэх, стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийсэн эсэх, мөн хууль зөрчсөн нөхцөл байдал үүссэн бол ямар арга хэмжээ авах талаар тодруулга шаардсан. Мөн Туул голын ай савд үзүүлэх нөлөөлөл, ургамал, амьтны аймаг, хөрс, усны горимд гарах өөрчлөлтийн талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарыг ирүүлэхийг хүссэн.
Зам, тээврийн яамнаас төслийн техник, эдийн засгийн үндэслэл, судалгаанууд, салбарын зөвлөмжүүд хэрхэн хэрэгжсэн, мөн төслийн нийт өртөг яагаад өссөн, трассын сонголтыг ямар үндэслэлээр баталсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл шаардав.
Нийслэлийн удирдлагын зүгээс төслийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэл, байгуулсан гэрээнүүд, санхүүжилтийн бүтэц, урьдчилгаа төлбөрийн мэдээлэл, мөн иргэдийн оролцоог хэрхэн хангаж ажилласан талаар мэдээлэл өгөх шаардлагатай байна. Мөн нийслэлийн төсөвт уг төсөл хэрхэн туссан, НИТХ-аас ямар шийдвэрүүд гарсныг тодрууллаа.
Тендер шалгаруулалтын хувьд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлт, үнэлгээний үндэслэл, ялангуяа байгаль орчны шалгуур үзүүлэлтүүдийг яагаад тусгаагүй талаар ноцтой асуултууд тавигдсан. Мөн бүх тендерийн баримт бичгийг ил тод болгох шаардлага тавьсан.
Соёлын өвийн чиглэлээр төслийн талбайд археологи, палеонтологийн урьдчилсан судалгаа хийсэн эсэх, холбогдох тайлан, дүгнэлтүүд улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг тодруулах шаардлага хүргүүлсэн.
Мөн Туул голын сав газрын захиргаа болон Усны газраас уг төсөл голын татам, усны нөөц, гүний ус, Улаанбаатар хотын ундны усанд ямар нөлөө үзүүлэх талаар нарийвчилсан тооцоо, дүгнэлт гаргасан эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзсэн.
Экологийн цагдаагийн байгууллагаас байгаль орчны хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдалд шалгалт хийсэн эсэх, хуурамч баримт бичиг, гарын үсгийн асуудал байгаа эсэх, зөрчил илэрвэл ямар хариуцлага тооцох талаар мэдээлэл авах шаардлагыг мөн тавьсан.
Үүнээс гадна Нийслэлийн засаг дарга, Зам тээврийн сайд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нарт иргэдээс ирсэн асуултуудыг илгээлээ

Та сэтгэгдэл бичихдээ ёс бус үг хэллэг ашиглахгүй байхыг хичээнэ үү!