Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг “Могол ноос” ХХК-д ажиллалаа.
Тус компани 1995 оноос ноос, ноолуур боловсруулах үйлдвэрлэл эрхэлж байна. Өнөөг хүртэл хугацаанд жилд 5,000 тн ноос, ноолуур угаах, 150-200 тн самнах, 150-300 тн ээрмэл утас, 30,000-50,000 ширхэг оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүдээ ашиглалтад оруулсан. Ээрсэн утсаараа нэхмэл даавуу, сүлжмэл бүтээгдэхүүнийг бусад үйлдвэртэй кластераар хамтран үйлдвэрлэдэг болжээ.
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 11.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр түүхий эд, тоног төхөөрөмж худалдан авч, хүчин чадлаа нэмэн, энэ хэрээр ажлын байр бий болгосон. Өнгөрсөн онд гэхэд л ээрэх, оёдлын үйлдвэртээ 10-14 нэр төрлийн шинэ тоног төхөөрөмж суурилуулсан тухай компанийн гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэбат танилцууллаа.
Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөр ноос, ноолуур, арьс, шир, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжил, малчдын ахуй амьдрал дээшлэхэд томоохон хувь нэмэр оруулж байгааг компанийн удирдлага болон салбарын мэргэжлийн холбооны төлөөллүүд хэлж байлаа.
Цаашид энэ хөтөлбөрийг тууштай үргэлжлүүлэх, аж ахуйн нэгжүүдийг төрийн худалдан авалтаар дэмжих, инженер, технологийн мэргэжилтнүүдийг төрийн тэтгэлэгт хамруулах, мэргэжилтэй ажилтан бэлтгэх зэрэгт анхаарахыг хүслээ.
Мал аж ахуйн гаралтай түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, малчдын орлогыг нэмэгдүүлж, ажлын байр бий болгон татвараа төлж байгаа аж ахуйн нэгж, баялаг бүтээгч нарт Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил ноос, ноолуур, арьс, шир боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 103 аж ахуйн нэгжид 508 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
Ингэснээр ноолуурын үйлдвэрүүдийн ээрэхийн хүчин чадал 400 тн-оор нэмэгдэж 20,000 тн болсон. Самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрч 2024 онтой харьцуулахад 4.7 дахин өссөн юм.
Тэгвэл ноосон утасны ээрэх, хялгас ялгах хүчин чадал 300-500 тн, сүлжих, нэхэх, гүйцэтгэн боловсруулах хүчин чадал 200,000 м.кв, сүлжих хүчин чадал 3,000 м.кв-аар нэмэгджээ.
Энэ жил 350 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны 9 банкаар дамжуулан олгоно.

Та сэтгэгдэл бичихдээ ёс бус үг хэллэг ашиглахгүй байхыг хичээнэ үү!