2026-04-02
660451796_2192426048201849_3731670819432101722_n

Туулын хурдны зам төслийг дэмжихгүй байгаа иргэдийн эсрэг жагсаалт зохион байгуулахад манлайлан оролцсон гэх шалтгаанаар Хан-Уул дүүргийн засаг дарга Б.Цэрэнг огцруулах шаардлагатай гэж үзэн дүүргийн ИТХ-ын АН-ын бүлгээс албан бичиг хүргүүлжээ. Эх хувиар оруулав.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭНГ ОГЦРУУЛАХ САНАЛ ӨРГӨН БАРИХ ТУХАЙ

Хатан Туул гол нь Улаанбаатар хот, тэр дундаа Хан-Уул дүүргийн иргэдийн ундны усны үндсэн эх үүсвэр билээ.

Иймд Туул голыг хамгаалах асуудал нь зөвхөн байгаль орчны асуудал бус, харин иргэдийн эрүүл мэнд, аюулгүй амьдрах эрх, цаашлаад ирээдүй үеийн амьдралын баталгаатай шууд холбоотой үндэсний хэмжээний чухал асуудал юм.

Гэвч сүүлийн үед Туул голын онцгой хамгаалалтын бүсийн дэглэм Хан-Уул дүүргийн хэмжээнд хангалттай хэрэгжихгүй, хяналт сул, ил тод байдал алдагдсан нөхцөл байдал үүсээд байна. Энэ нь төрийн байгууллагын удирдлага, зохион байгуулалт, хяналтын тогтолцоо хангалтгүй байгааг илтгэх ноцтой дохио болж байна.

Түүнчлэн төрийн байгууллага, албан тушаалтнуудын үйл ажиллагаанд дараах зөрчил, доголдлууд илэрч байна. Үүнд:

1. Нийтийн эрх ашиг, хууль дээдлэх зарчим алдагдсан;

2. Төрийн үйл ажиллагааны ил тод байдал, хариуцлагын тогтолцоо хангалтгүй;

3. Төрийн албаны ёс зүй, улс төрийн төвийг сахих зарчим зөрчигдсөн;

4. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг үл хүндэтгэсэн, тайлагнах үүргээ хэрэгжүүлээгүй;

5. Газар зохион байгуулалтын үйл ажиллагаанд хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдаагүй;

Эдгээр нөхцөл байдал нь иргэдийн мэдэх эрхийг хязгаарлаж, төрд итгэх итгэлийг сулруулж, хууль дээдлэх зарчмыг алдагдуулах бодит эрсдэл үүсгэж байна.

Монгол Улсын хууль тогтоомжид төрийн албан тушаалтан нь хууль дээдлэх, ил тод, хариуцлагатай, ёс зүйтэй ажиллах үүрэгтэй бөгөөд энэ нь зөвхөн зарчим бус, заавал хэрэгжүүлэх хууль ёсны шаардлага юм.

Гэвч үүсээд буй нөхцөл байдал, үйлдлүүд нь Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”, “Төрийн албаны тухай хууль” болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан төрийн албаны ёс зүй, ил тод байдал, хариуцлагын үндсэн зарчмыг зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэл болж байна.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь төлөөлөгчид хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд энэхүү асуудлыг хэлэлцэж, Засаг дарга Б.Цэрэнг албан тушаалаас нь огцруулах эсэхийг хуульд нийцүүлэн шийдвэрлэх шаардлагатай байна.

Энэ бол ганц хүний асуудал биш.

Энэ бол хууль хэрэгжих эсэх, иргэдийн эрх хамгаалагдах эсэх, төрд итгэх итгэл хадгалагдах эсэхийн асуудал юм.

Бид өнөөдөр дуугарахгүй бол маргааш оройтно.

Ус бол амьдрал.

Хүндэтгэсэн ХУД-ын ИТХ дахь

Ардчилсан намын бүлэг.

Дарга П.Мөнхбаатар /Ph.D/

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн