Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.
o Баруун (Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
o Төв (Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв)
o Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
o Говь (Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэр)
Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд “зарим газраар”, 30-70 хувьд “ихэнх нутгаар”, 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд “нийт нутгаар” гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг “цочир хүйтрэл” гэнэ.
Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн 11-326606 утсаар холбогдох болон “Хиймэл оюун ухаан, тоон загварчлал, судалгааны хэлтэс” -ээс тодруулах боломжтой.
Уур амьсгалын тойм
Дөрөвдүгээр сарын агаарын температурын олон жилийн дундаж нь Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр -2…-8°С хүйтэн, Ховдын хойд болон өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговь, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 4…10°С дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 4 градус дулаан байдаг (Зурaг 1).

Зураг 1. 4–р сарын агаарын температурын ОЖД, [ °С].
Дөрөвдүгээр сарын агаарын дундаж температурын олон жилийн явцаас онцолбол 2000 оноос хойших жилүүдэд дөрөвдүгээр сарын агаарын температур ОЖД–аас харьцангуй дулаан байсан ба тухайлбал 2004–2005, 2007–2010, 2011, 2014–2020, 2024, 2025 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2–6°С–аар дулаан байсан байна. Харин 1979–1980, 1983–1986, 1988, 1990–1991, 1993, 2010, 2013, 2023 онуудад агаарын температур олон жилийн дунджаас 2–6°С-аар хүйтэн байсан байна (Зурaг 2).

Зураг 2. 4–р сарын агаарын температурын олон жилийн явц
[Улаан – ОЖД-аас дулаан, хөх – ОЖД-аас хүйтэн]
Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон–Сэлэнгийн сав, Дорнодын тал нутгаар 8–12 мм, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгаар 0–4 мм, бусад нутгаар 4–8 мм ордог байна (Зурaг 3).

Зураг 3. 4–р сарын нийлбэр хур тунадасны ОЖД, [мм]
Харин 1979–1981, 1985, 1990, 1994–1995, 1998–2003, 2014–2016, 2018, 2021, 2024 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон бол 1982–1984, 1987–1988,1992, 1996–1997, 2004, 2019–2020, 2022, 2023, 2025 онуудад олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна (Зурaг 4).

Зураг 4. 4–р сарын нийлбэр хур тунадасны олон жилийн явц
[Ногоон – ОЖД-аас ахиу, шар – ОЖД-аас бага]
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна (Зураг 5). Хур тунадас Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 6) байх төлөвтэй байна. Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 7)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–6°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхи салхи ширүүсч, шороон шуурга шуурч болзошгүй байна.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Архангайн ихэнх хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна (Зураг 5). Хур тунадас Төв аймгийн өмнөд болон Өвөрхангайн ихэнх хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 6) байх төлөвтэй байна. Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 8)–д харуулав. Сарын эхээр нутгийн зүүн хэсгээр цас орж, салхины хурд ширүүсч, хүйтэн байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд цаг агаарын муудалт ажиглагдаж, салхи шуургатай байх магадлалтай байна. Агаарын температурын хувьд нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим болон дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан (Зураг 5), хур тунадас ихэнх нутгаар ОЖД–ийн орчим (Зураг 6) байх төлөвтэй байна. Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 9)–д харуулав. Сарын эхээр зарим газраар цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай хүйтэн байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд цаг агаарын муудалт ажиглагдаж, салхи шуургатай байх төлөвтэй байна. Агаарын температурын хувьд нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим болон дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас ахиу байх төлөвтэй байна (Зураг 5, 6). Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 10)–д харуулав. Сарын эхээр нутгийн хойд болон зүүн хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч, хүйтэн байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд ширүүсч, шороон шуурга шуурч болзошгүй байна. Агаарын температурын хувьд нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим болон дунджаас дулаан байх төлөвтэй байна.

Зураг 5. 2026 оны 4–р сарын агаарын дундаж температурын урьдчилсан төлөв, С0
[Д–агаарын температур ОЖД–аас дулаан, Н–агаарын температур ОЖД–ийн орчим]

Зураг 6. 2026 оны 4–р сарын нийлбэр хур тунадасны урьдчилсан төлөв, мм
[И–хур тунадас ОЖД–аас ахиу, Н–хур тунадас ОЖД–ийн орчим]

Зураг 7. Баруун аймгуудын нутгийн 2026 оны 4–р сарын температур, хур тунадасны явц
[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан,
үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ]

Зураг 8. Төвийн аймгуудын нутгийн 2026 оны 4–р сарын температур, хур тунадасны явц
[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан,
үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ]

Зураг 9. Зүүн аймгуудын нутгийн 2026 оны 4–р сарын температур, хур тунадасны явц
[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан,
үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ]

Зураг 10. Говийн аймгуудын нутгийн 2026 оны 4-р сарын температур, хур тунадасны явц
[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан,
үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжэээ]
ЗӨВЛӨМЖ
Сарын эхээр нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, ОЖД–аас хүйтэн, говь талын нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цаг агаарын муудалт ажиглагдаж, салхи шуургатай байх магадлал өндөр байна. Агаарын температурын хувьд нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–6°С–аар хүйтэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байх бол бусад хугацаанд ОЖД–ийн орчим болон дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Энэ сард агаарын температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдах төлөвтэй байгаа бөгөөд салхи шуурганы давтагдал ихтэй байх магадлал өндөр байгаа тул хүчтэй салхи шуурганы аюултай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг байнга авч, болзошгүй ой хээврийн түймрээс сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
