Залуучууд амжилтын талаар их асуудаг. Надад үүд хаалга үргэлж нээлттэй байсан байна гэж зарим нь бодож магадгүй. Үнэндээ тийм биш, ямар ч үед өөрийн хүч, тэмцлээр тэр олон боломж, үүд хаалгыг нээдэг. Гэхдээ амьдрал заримдаа нэг хаалгаа хаагаад түүнээс илүү боломжтой өөр нэг хаалгыг нээж өгдөг ч байж магадгүй.
Гадаадад сурах төлбөрөө яаж олно доо гэж байх үед ээж минь том компанийн захирал найз дээрээ дагуулж ороод дэмжлэг хүсэн, би төгсөж ирээд компанид нь ажиллая гэж гуйж байж билээ. Өнөө ах боломжгүй байна гэсэн. Би тэгэхэд ийм мөнгөтэй байж дэмжчихгүй гээд л тун гонсгор үлдсэн сэн. Тэр үед “өө за энэ бүтэхгүй нь” гээд гадаадад сурах хүслээ орхисон бол миний карьер шал өөрөөр эргэх байсан биз. Би одоо тэр захиралтай уулзаад баярлалаа гэж хэлэх юм сан гэж боддог юм. Тэр үед надад зөвшөөрсөн бол би нэг л компанид насаараа ажиллах байсан байж мэднэ. Тэр хүний үгүй гэж хэлсэн нь надад илүү боломжийг олгосон юм. НЭГ ХААЛГА ХААГДАХАД НӨГӨӨ ХААЛГА НЭЭГДДЭГ. ЗАЛУУС МИНЬ ХҮСЭЛ ЗОРИЛГОО БҮҮ ОРХИ.
