Шархад дэд төвийн II ээлжийн 152 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ

Шархад дэд төвийн II ээлжийн 152 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ

НЗДТГ, Азийн Хөгжлийн банк болон Уур амьсгалын Ногоон сантай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн 152 айлын барилга угсралтын ажил Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шархад дэд төвд эхэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр зургаан дэд төвийг байгуулж, орон сууцжуулах ажлыг үе шаттайгаар хийж буй. Дэд төвүүдийг байгуулснаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 40 гаруй хувь, агаарын бохирдлыг 50 орчим хувиар бууруулах болон “20 минутын хот” буюу иргэд оршин суугаа бүсдээ төрийн үйлчилгээг 20 минутад авдаг стандарт руу шилжих, ажлын байр бий болох зэрэг цогц асуудлыг шийдэх юм. Энэ жил Сэлбэ, Баянхошуу, Шархад дэд төвүүдэд орон сууцжуулах ажлыг эрчимжүүлж байна. Тодруулбал, өнөөдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг хамарч буй Шархад дэд төвийн II ээлжийн 152 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Эл ногоон орон сууцны эко хороолол ашиглалтад орсноор тухайн бүсийн оршин суугчид хашаа, байшингаа орон сууцаар солих замаар дараагийн 600 айлын газар чөлөөлөлтийг хийх юм” хэмээв