Тайзан дээр үнэтэй хослол, үйтэн хуараар бүлтийтлээ гангалсан өнөөх л улстөрчид улиглана. Харин зрителд таягаа түшүүлж тухалсан, одонгоо гялалзуулж, хөөрөг зөрүүсэн өнөөх л хөгшид сууцгааж байна. Хамгийн арын эгнээнд хөлсөө хангалттай авсан, хэнийг юу ч гэж сэнхэрүүлэхэд бэлэн ухуулагчид зогсож, бүхэлд нь хянана. Өөрийнх нь “харьяалалтай” хөгшид ирц бүрэн ирсэн эсэхийг шалгаж үе үе хялмалзана. Бас нэр дэвшигчийнхээ нүүр дүүрэн зурагтай, хэзээнээс нам дагаж, хэрхэн хөлжсөн тухай хэдэн мөр намтар бүхий сонин, сэтгүүлийг хөгшид бүрийн суганд хавчуулсан эсэхээ байн, байн нягтална. Нэмээд, эсрэг намын “туршуул” орж ирсэн эсэхийг хянана. Уулзалт яриа тэгсхийгээд дуусна. Угаас удаан ярих, зрителд суугаа хөгшдөд ухаж ойлгуулах мөрийн хөтөлбөрсөөд байх “юм” нам, эвслүүдэд байхгүй. Говийнхонд ус гэтэлгэнэ, уул уурхай, аж үйлдвэрүүд асар том паркууд барьж өгнө, хангайнханд хөдөө аж ахуйг чинь хөгжүүлж өгнө, адууны шир, ямаа, тэмээний ноос ноолуурыг чинь боловсруулдаг болно, хүүхдүүдийг чинь гадаадын сургууль соёлд сургана, харин хотынхонд ажилгүйдлийг алга болгоно, ашиг орлогыг чинь нэмэгдүүлнэ, гэр хороололд гэрэлтүүлэг, камер тавина гэх анзааны л хуучин “юм”-нуудаа урд хойно нь оруулж ярина. Бас ярианыхаа нэжгээд минутыг “Нөгөө намынхан л хулгайч шүү” гэж муучлахад зориулахаа мэдээж мартахгүй. Энэ үед улстөрчид зоримог, шийдэмгий харцтай, харин хөгшид итгэсэн, ирээдүйгээ гайхамшгаар төсөөлсөн төлөвтэй байцгаана.
Сценарын дагуу уулзалтын төгсгөлд нэр дэвшигч өөрийг нь дэмжихээр ирсэн гэх хөгшдийн тохойг түшин гар барих, тэврүүлэх, үнэрлүүлж үнсүүлэх, өмнө нь бохирч суугаад бие тэнхээг нь асуунгаа хөөрөглөх, бас хавар хахир болсон ч хуртай зун болж буй тухай ёс төдий яриа өрнүүлэх “ажиллагаа” эхэлнэ. Нэр, зүс танил бус “шинэковууд” энэ завсарт “Эмээ маань энэ л нутагт…” гэж дотночилж амжина. Мэдээж, хуучин ч бай, шинэ ч бай нэр дэвшигчид хүссэн хүн бүртэйгээ ингэж нялуурахгүй. Тухайн сум, хорооныхны аж амьдралыг арван хуруу нэвт шигээ мэддэг хижээлдүү насны ухуулагч эмэгтэй нэр дэвшигчийнхээ хажуугаас салахгүй дагаж, хэнтэй ярих, хэнд тэврүүлэх, хэнд үнсүүлэхийг нь чиглүүлдэг хатуу журамтай. Эцэст нь зурагчин залуугаа хуруу, харцаагаа дохиж дуудна. Сошиалд нийтлэх “солиотой” хэдэн кадр авч амжсан эсэхийг нь лавлана. Ингээд эгнүүлж зогсоосон хар жийпнүүддээ суугаад дараагийн хороо, сумын хөгшид рүүгээ явж одно. Явах замдаа “Нутаг минь налайж угтлаа, буурал хөх өвгөд минь дэмжихээ илэрхийлж, ерөөлөө хайрлалаа” гэх уянгалсан тайлбартай, өнөөх “солиотой” зурагнуудаа сошиалд нийтлэнэ. Монгол төрийн сонгуулийн сурталчилгааны өдрүүд нэг иймэрхүү л өнгөр
өнгөрч байна.
Нэг талаас зрителын зай дүүргэж суугаа хөөрхий хөгшдийг буруутгах аргагүй. Гол нь тэднийг уулзалтад урьж залж, зааварлаж, зандарч байж зрителд авчирч суулгасан ухуулагчид гэж асар том аппарат бий. Ухуулагч гэхээр намын өнгөтэй малгай, фудволкоор ижилссэн, гудамжаар туг дарцаг намируулан, айл айлаар сонин сэтгүүл тарааж явдаг “хүүхдүүд”-ийг гэж ойлгож болохгүй. Жинхэнэ ухаалагчид нь далдын хар малгайтай, эгэл жирийн харагдах ямар ч иргэний дүр хувирсан байж болдог. Тэдний цүнхэнд тухайн сум, хорооны бүх иргэдийн бүртгэл, тэр байтугай сиймхий гарвал сугалж тараах бэлэн мөнгө ч явж байж болзошгүй. Гол аюул нь, тэдгээр ухуулагчид сум, хорооныхоо хөгшдийн тархийг бүрэн удирдаж байдаг.
Тэд хөгшдийн тархийг яаж л бол эргүүлнэ. Сангийн аж ахуйн саальчин, адуучин, үйлдвэр заводын ажилчин байхаасаа дагасан намаа дэмжсээр дуусна биз дээ гэж ухуулна. Тэтгэвэр, тэтгэмж нэмээд байгаа юм чинь нэгдээд дэмжинэ биз дээ гэж сэнхрүүлнэ. Манай гишүүн танай тэрний, энэний хүүхдийг гадагшаа сургууль соёлд явуулж өгнө дөө гэж ятгана. Намаа ялуулчихвал ядахдаа л гэртээ ажилгүй суугаа хүү чинь тамгын газрын гачкаар болж болно шүү дээ гэж ухуулна. Танайд өгөөд байгаа хүнсний талоныг манай гишүүн л хөөцөлдсөн шүү дээ, заавал дэмжээрэй гэж зааварлана. Гол нь, хүүхдүүддээ сайн хэлээрэй, залуу хүмүүс хөнгөн хуумгай, хэнд ч өгчихөж мэднэ, намдаа л өгүүлдэг юм шүү гэж зүүдэнд нь ортол захина. Манай нам уначихвал сонгуулийн дараа танай тэр, энэ ажилгүй болно, амьдрал хүнд шүү, яриа хөөрөө байхгүй шүү гэж дарамтлахаа ч мартахгүй.
Товчхондоо, хөгшид, хижээлдүү насны ухаалагчдын тархиар л сонгууль явагдаж, төр тэгж бүрэлдэж ирсэн. Энэ сонгуулийн эхний гурав хоногийн сурталчилгааг харахад ч яг л энэ зарчмаар явагдаж байна. Залуучууд улс төрийг эрх ямбаны тайз, сонгуулийг тэнд хүрэх марафон л гэж хардаг болсон. Угаас тэгж ч харагддаг ч болохоор сонирхдоггүй. Сонирхоод нэр дэвшигчийн уулзалтад очихоор зам харгуй, сургууль цэцэрлэг барих мэтхэн ярихаас хэтрэхгүй болохоор өдөөгдсөн өчүүхэн сонирхол нь сарнин алга болно. Сонирхолгүй болхоор санал өгөх хүсэлгүй, өглөө гэхэд аав, ээж, эмээ, өвөөгийнхөө зөвлөснөөр л дугуйлчихна гэсэн үг. Нэгэнт хөгшдийн тархийг ухуулагчдаараа угаалгаад, саналыг нь авч сонгогдоод болоод байгаа учраас залуучуудын идэвхийг нэмэгдүүлэх сонирхол улстөрчдөд байхгүй байгаа нь хэт хоцрогдсон хэв маягтай сурталчилгаануудаас нь бэлхнээ харагдаж байна.
ХЭДИЙ ХҮРТЭЛ ХӨГШДӨӨР ХӨЛ, УХУУЛАГЧДААР ТАРХИ ХИЙЖ СОНГУУЛЬДАХ ВЭ