Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барих төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ-ын “Dohwa Engineering”, “Korea national railway”, “Korea railroad corporation”, “Soosung Engineering” компаниудын хамтарсан түншлэл шалгарлаа.
Метроны зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн сонгон шалгаруулалтыг Монгол Улсад анх удаа хоёр үе шаттай зохион байгуулсан. Тендер шалгаруулалтын нэгдүгээр үе шатыг 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарлаж, гуравдугаар сарын 18-ны өдөр 11 улсын 20 компаниас ирүүлсэн техникийн саналыг хүлээн авсан. Хоёрдугаар үе шатны сонгон шалгаруулалтыг 2024 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зарлаж, тавдугаар сарын 20-ны өдөр тендерийг нээхэд, дөрвөн компани өрсөлдсөн. Тодруулбал, ОХУ-ын “NPS Engineering”, БНХАУ-ын “China Railway Design Coorporation”, “Guangzhou Metro Group” БНСУ-ын “Dohwa Engineering” сүүлийн шатанд өрсөлдсөн юм. Үнэлгээний хорооноос БНСУ-ын “Dohwa Engineering” болон “Korea national railway”, “Soosung Engineering”, “Korea railroad corporation” компаниудын хамтарсан консорциум хамгийн сайн үнэлгээ авч, метроны зөвлөх үйлчилгээг үзүүлэхээр болсон байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг “Dohwa Engineering” компанид хүргүүлснээс хойш тав хоногийн дотор ямар нэгэн маргаан гарахгүй бол гэрээний үндсэн хэлэлцээр эхэлж, геологийн судалгаа хийх, EPC тендерийн баримт бичгийг боловсруулна. Метроны бүтээн байгуулалтын ажлыг 2025 онд эхлүүлнэ” гэв.
Төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани нь нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад дэмжлэг үзүүлэхээс гадна урьдчилсан ТЭЗҮ-г шинэчлэх, төслийн бүх үе шатанд гүйцэтгэлийн чанар, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах юм.
“Метро” барих төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэх хамтарсан түншлэлийн товч мэдээллийг хүргэж байна.
- БНСУ-ын “Dohwa Engineering” компани нь Филиппин, Алжир, Панам улсад төмөр замын төсөл хэрэгжүүлсэн туршлагатай аж. Бүх төрлийн инженерингийн төслийг дотооддоо болон олон улсад хэрэгжүүлдэг байна.
- “Korea National Railway” компани төмөр замын дэд бүтцийн бүтээн байгуулалт, засвар арчилгаа, менежментийг хийдэг бөгөөд өндөр хурдны галт тэрэгний гурван төсөл хэрэгжүүлжээ. Азийн 15 улс, Европын гурван улс, Африк , Өмнөд Америкт төмөр замтай холбоотой төсөл хэрэгжүүлжээ.
- “Korea Railroad Corp” компани нь Манила хотын метроны долоодугаар шугамд барилгын явцын зөвлөх үйлчилгээ болон оперешны зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа аж. БНСУ-д их багтаамжийн нийтийн тээврийн томоохон 15 төсөл амжилттай хэрэгжүүлсэн байна.
- “Soosung Engineering” компани нь метро, төмөр зам болон бусад дэд бүтцийн төслүүдэд ТЭЗҮ, суурь судалгаа, дизайн хийдэг бөгөөд БНСУ-д 500 гаруй судалгаа хийсэн байна. Мөн Ази, Өмнөд Америк, Африк тивүүдэд сүүлийн 20 орчим үйл ажиллагаа явуулж байгаа аж.