Эмэгтэйчүүдийн манлайлал ба УИХ-ын дэд дарга С.Одонтуяа

Эмэгтэйчүүдийн манлайлал ба УИХ-ын дэд дарга С.Одонтуяа

Цаг хугацаа улирах тусам хүн төрөлхтний үзэл бодол хувьсан өөрчлөгдөж байна. Хэдхэн жилийн өмнө жендэрийн эрх тэгш байдлыг ярьдаг байв. Өнөөдөр эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, ер нь бүхий л салбар дахь манлайллын тухай ярих болов. Яриад зогсохгүй ажил хэрэг болгож, эмэгтэй манлайлагчдын нийгэм хүлээн зөвшөөрдөг, улам нэмэх хүсэл сонирхолтой болжээ. Өөрөөр хэлбэл, хүйсийн тэгш байдлын талаарх яриа эрх мэдлийн эн тэнцүү хуваарилалт болж ирсэн.

Угаасаа зүй тогтол нь эмэгтэйчүүд эрх мэдэл хуваалцаж байж нийгмийн тэнцвэрт байдал, хүний эрх хангагддаг. Дэлхийн олон улс оронд практикаар нотлогдсон онол аж.

Гэхдээ энэхүү эмэгтэйчүүдийн манлайлал, тэр дундаа улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог Монголд одоо л хангаж, хэрэгжүүлж эхэлж байна.

Улстөрчид Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг нэмж оруулсныг “…Том арга хэмжээ” хэмээдэг. Тэр үнэн л дээ.

Үнэн хэрэгтээ монголчууд жендэрийн эрх тэгш байдал, цаашлаад эмэгтэйчүүдийн манлайлал ярихад тун хүнд үндэсний онцлогтой. Энэ байдал нь өнгөрсөн зуунуудад хадгалагдсаар ирсэн. Харин сүүлийн 10 гаруй жилд сүрхий хөндөгдөх болсон. Одоогоос 18 жилийн тэртээ, 2006 онд ЛЭОС-гийн дэд тэргүүн П.Одончимэг “…Улс төрийн намуудын хоорондох эрх мэдлийн төлөө өрсөлдөөн нь хэрээс хэтэрлээ. Шийдэх ёстой асуудлуудаар мэтгэлцэж ухаан бодлоо уралдуулахын оронд албан тушаалын наймаа хийж байна. Ийм байдалд хүргэсэн гол шалтгаан нь нэгд, төрийн эрх барьж байгаа эрхэм гишүүд, сайд нар, удирдах албан тушаалтнуудын ихэнх нь ноёрхогч, дарамтлагч, мөнгөөр, танил талаараа, намаараа асуудлыг шийддэг хуучинсаг “удирдагч, манлайлагч” нар байна. Хоёрт “эрх мэдлийн” тухай хуучинсаг, хоцрогдсон бодолтой, түүнийгээ хамгаалсан байр суурьтай байгаад оршиж байна гэж эмэгтэйчүүд бид үзэж байна. Бидний бодлоор нийгмийн өөрчлөлт хийх үйл ажиллагаанд, үр дүнд бэлтгэгдсэн, асуудлыг шийдвэрлэж байдлыг өөрчилж өөрчлөлт хувьслыг авчирна гэсэн итгэл үнэмшилтэй, ирээдүйг харж түүнийг бодит болгохын төлөө өөртөө тангараг өргөсөн, хүмүүсийг сонсож чаддаг, багаар ажиллаж чаддаг, хэлсэн үгэндээ эзэн болдог, намчирхдаггүй хүнийг шинэ үеийн удирдагч, манлайлагч гэж хэлнэ. Нийгмийн өөрчлөлт хийх ажиллагаанд, үр дүнд бэлтгэгдсэн хүмүүст эмэгтэйчүүд зүй ёсоор орно. Төр хүрч ажиллаж чадахгүй байгаа олон асуудлыг эмэгтэйчүүд шийдэж байна. Амьдрал улс төрөөс ангид байхгүй, бүхий л талаараа холбогддог. Энэ утгаараа эмэгтэйчүүд улс төрд оролцож, гарч буй шийдвэрүүдэд өөрсдийн санал бодлоо тусгаж байх нь амьдралын шаардлага гэдэг нь харагдаж байна. Тэр тусмаа хийж байгаа ажил, хүмүүстэй харилцаж байгаа байдал, гаргасан амжилтуудаараа өөрчлөлт шинэчлэлийг авчрах шинэ үеийн лидерүүд гэдгээ баталж чадаж байна. УИХ-ын гишүүн эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх асуудал нь хэрэг дээрээ улс төрийн шийдвэр гаргах, хууль эрх зүйн актуудыг боловсруулах үйл явцад эмэгтэйчүүдийн хүсэл эрмэлзэл, шаардлага, амьдралын мэдлэгийг тусгах болон туршлага, чадварыг нь ашиглах асуудал юм. Эмэгтэйчүүдийг эрх мэдэл бүхий албан тушаалд буюу шийдвэр гаргах түвшинд ажиллуулахаар зөвхөн эмэгтэйчүүд л зүтгээд байна гэж хэлэх хүн цөөнгүй байдаг. Гэтэл энэ асуудал олон улсын хэмжээнд, засаг төрийн хэмжээнд яригдаж байгаа зүйл болоод удаж байгаа шүү дээ” гэж бичиж байлаа.

Мөн Монгол Улсад шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөллийг тодорхойлох судалгааны дүнг доктор С.Түмэндэлгэр 2022 онд танилцуулахад эмэгтэй улстөрчийн давуу талыг “…Асуудлыг олж харах, “…Зөөлөн, уян хатан бусдыг ойлгох”, “…Нарийн зүйлсийг маш сайн анхаарч, мэдрэмжтэй ханддаг”, “…Ажлыг хойш тавьдаггүй”, “…Амьдралд ойр”, “…Авлига авдаггүй”, “…Дайчин, хурдтай, зорилготой, үнэнч, буурьтай”, “…Хор найруулахгүй”, “…Бүлэглэл зохион байгуулахгүй, боловсролтой” гэж тодорхойлжээ.

Түүнчлэн 2023 онд “Сант марал” төвөөс 1000 хүний дунд судалгаа хийхэд тэдний 82.9 хувь нь “…Эмэгтэйчүүд улс төрөөс хол, гэртээ хүүхдээ харах ёсгүй” гэжээ. Ингэсээр саяхнаас ажил хэрэг болж байгаагийн нэг УИХ-ын сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг нэмсэн нь юм. Энэ нь нэг талаас улс төрийн томоохон шийдэл боловч, нөгөө талаас өнөө цагийн хүмүүсийн үзэл бодол, байр суурьт нийцүүлсэн шийдвэр гэдэг нь дээрх мэтийн судалгаа, дүгнэлтээс харагдаж буй юм. Эрх баригчид зүгээр л “…Олон нийт хүсээд байгаа учраас эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд олноор гаргаж ирэх хэрэгтэй” гэчихээгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтийн хандлагаас гадна монгол эмэгтэйчүүдийн өөрсдийнх нь үйл ажиллагаа үүнийг ойлгуулсан. Нэлээд ажилласан.

Ер нь нийгэм дэх хатуу хөтүү тэмцэл эсэргүүцэл, улс төр дэр ширүүн дориун зөрчил, үл ойлголцол зэргийг эрх мэдлийн түвшинд эмэгтэйчүүд дутагдаж байгаагийн илрэл гэдэг ойлголтод олон улс орон хүрээд байгаа юм байна.

Улмаар сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн салбар бүр дэх манлайллын талаар эрчтэй яригдаж тэр хэрээр эрх мэдлийг хүйсийн ижил тэнцүү харьцаатайгаар хуваалцах байдал нэмэгдсээр байгаа юм. Эмэгтэй манлайлагч хэмээгдэх улстөрчид ч “төрж” байна. Тэдний нэг нь УИХ-ын дэд дарга С.Одонтуяа юм.

Тэрээр 2018 онд АН-ын дотоод сонгууль АЭХ-ны ерөнхийлөгчид өрсөлдөж байхдаа эмэгтэйчүүдийн манлайллын талаар “…АЭХ эмэгтэй улс төрчдөө чадавхжуулах, манлайлагч болгох, ёс зүйтэй байх, зөв имижийг бүрдүүлэх, улс төрийн соёлд суралцах боломжийг хангаж, энэ төрлийн сургалтуудыг шат шатанд нь зохион байгуулна. Бид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч эмэгтэйчүүдийн хэмжээнд очихын төлөө ажиллах ёстой” гэж байсан. 2020 онд “…Нийгэм өөрчлөгдөж байна. Иргэд бодлого тодорхойлох түвшинд хүйсийн тэнцвэрт байдлыг хангах нь чухал юм байна гэдгийг ойлгодог болжээ. Аливаа асуудалд эмэгтэй хүний зөөлөн сэтгэлээр ханддаг учраас иргэд эмэгтэй удирдлагуудтай уулзах, асуудлаа тавих, шийдвэрлүүлэх хандлагатай болсон байна. Скандинавын орнуудын парламент дахь эмэгтэйчүүдийн тоо 40 орчим хувьтай байдаг. Тэр ч утгаараа эдгээр орны нийгмийн халамж, үйлчилгээ илүү сайн байдаг. Сургууль, цэцэрлэг, хүмүүнлэгийн систем нь үнэхээр гайхамшигтай хөгжсөн. Хот төлөвлөлт, үйлчилгээ гойд сайн байдаг нь эмэгтэй хүмүүсийн байгалиас заяасан мөн чанар нь нийгмийн үйлчилгээний салбарт илүү харагдаж энэ төрлийн хууль эрх зүйн өөрчлөлт бодлогуудыг сайн зангиддаг нь харагдаж байгаа юм. Тиймээс бид илүү олон эмэгтэйчүүдийг улс төрд гаргаж ирснээр хотын олон асуудал тухайлбал, бөглөрөл, нийгмийн үйлчилгээ, хүүхэд хамгаалал, ядуурлыг бууруулахад гол хүч нь болно. Эмэгтэйчүүдийг дэмжих нийгмийн уур амьсгал ч бодитой болсон байна. Тэгэхээр дараагийн сонгуулиар улам олон эмэгтэй сонгогдоосой. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд олноор очиж байж нийгэмд тулгарч байгаа олон асуудал цэгцэрнэ гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөөд эмэгтэйчүүдийг дэмжээд байна” гэж байв. 2023 онд “…Би сонгуульт ажлаа гүйцэтгэж байхдаа ҮБХ-ны эмэгтэй гишүүдтэйгээ хамтран эмэгтэйчүүдийг чадавхижуулах, нийгмийн олон асуудалд хамтдаа дуу хоолойгоо өргөх манлайлал үзүүлэхэд залуусаа сургаж, дадлагажуулахыг чармайн ажиллаж ирсэн. Манай холбоонд цаг үеийнхээ шаардлагад нийцэн, улс төр, шийдвэр гаргалтад эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг үлгэрлэн ажиллах чадвартай эмэгтэйчүүд олон бий. Тэдэндээ итгэл хүлээлгэж, хариуцлага үүрүүлээрэй хэмээн захих байна.УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт,УИХ-ын сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуулиудад сонгуулийн зардлыг багасгах, эмэгтэйчүүдийн нэр дэвших, сонгогдох боломжийг дээшлүүлэх, шийдвэр гаргалтад эмэгтэйчүүдийн оролцоог дэмжсэн олон чухал заалтуудыг миний бие УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн хамтын хүчин чармайлтаар шийдүүлж чадсандаа баяртай байдаг. Шинээр нээгдсэн энэ боломж бололцоог эмэгтэй улстөрчид бүрэн дүүрэн ашиглахад АЭХ-ны шинэ ерөнхийлөгч голлон анхаарч ажиллах ёстой” гэж байсан юм.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяагийн тухайд 2020 оны аравдугаар сарын 22-нд УИХ-ын чуулганы хуралдааныг даргалсан. Энэ нь “…Эмэгтэй гишүүн анх удаа чуулганыг удирдсан” явдал болж Монголын парламентын түүхэнд үлдсэн. Түүнчлэн тэрээр хамгийн сүүлд л гэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд “…Хүнийг шүүхийн шийдвэргүйгээр баривчлахгүй байх” заалтыг санаачлан оруулж батлуулсан. Сургуулийн орчинд хэт чихэртэй бүтээгдэхүүн худалдаалахгүй байх асуудлыг бас хуульчлуулсан. Энэ мэтээр тэрээр УИХ-ын гишүүний хувьд санаачилгаа төрийн шийдвэрт тусгуулж чадсан улстөрч юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Гарьд