АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт: “2024 оны сонгууль монголчууд хувь заяагаа шийдвэрлэх том сорилт болно”

АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт: “2024 оны сонгууль монголчууд хувь заяагаа шийдвэрлэх том сорилт болно”

Оюутолгой нь Монгол Улсын Засгийн газар анх удаа бие дааж хийсэн, гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татсан, эдийн засаг, нийгмийн үсрэнгүй хөгжлийн үүдийг нээсэн мега төсөл. Харамсалтай нь, Оюутолгойн гэрээг байгуулсан хүмүүсийн хувь тавилан дардан байгаагүй. Тэдний нэг нь С.Баярцогт. Монголчуудын хэлдгээр туг ч барьж, тугал ч хариулсан улстөрч юм.


-Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэдэг. Танд тэгж санагддаг уу?

-Анандын Амар Ерөнхий сайд уг нь “Монголын төрд үнэнч зүтгэх халтай” гэсэн юм байна лээ. Гэтэл өнөөдрийг хүртэл хүмүүс А.Амар гуайг “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” хэмээн хэлсэн гэж ойлгочихсон. Ганц, хоёр үгийг өгүүлбэрийн наана, цаана оруулахаар утга нь өөрчлөгдчихөж байгаа биз. Монголынхоо төрд гомдсон хүний үг шиг болгоод монголчууд бидэнд ойлгуулчихсан байна. А.Амар сайд болохоор Монголынхоо төрд би үнэнч зүтгэсэн, энэ нь халтай болоод ЗХУ-ын шүүхээр шийтгүүлж байна гэж хэлсэн байдаг.

-Тэгвэл танд Монголын төрд зүтгэсэндээ харамсч байсан удаа бий юу?

-Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө хувь улстөрчийнхөө нэр төрөөр эрсдэл хийх чадвартай байх ёстой гэдэг нь миний баримтлаж явдаг нэг зарчим. Цаг хугацааны шалгарлаар С.Баярцогт хэн байсан нь тодорно гэдэгт би одоо ч итгэлтэй явдаг.
Гучин жилийн өмнөх, хорин жилийн өмнөх, таван жилийн өмнөх хэрүүл, талцал, өсөрхөл, гомдлыг эргэж хөндөөд юу өөрчлөгдөх юм бэ. Тэгж байхаар таван жилийн дараах, хорин жилийн дараах, гучин жилийн дараах хөгжлийн тухай яръя. Шинэ технологи, шинэ хөгжил, хиймэл оюун ухаан, сансар огторгуйн талаар ярихгүй бол дэлхийгээс тусгаарлагдсан, ядуу буурай улс болж хоцрох нь байна. Дэлхийн хөгжлөөс Монгол нэлээд хоцрогдсон, дахиад хэрэлдэж, өс хонзон зангидаж суух хугацаа бидэнд алга. Нэг намын ноёрхолтой, эдийн засаг, зэр зэвсэг, технологийн хувьд хүчирхэг хоёр улсын дунд Монгол Улс амьдарч байгаагаа үргэлж санаж явах ёстой. Өнгөрсөнд алдаа байвал засаад оноо байвал дүгнээд урагшаа явахаас өөр гарц байхгүй.

АН, МАН гээд хоорондоо талцаж хэрэлдэх нь ажилгүй хүмүүсийн яриа. Дэлхий цаана чинь маш хурдан, маш хүчтэй өөрчлөгдөж байна. Гадныхан Марс дээр амьдрах тухай, супер компьютерийн тухай, AI технологийн тухай ярьж, хэрэглээд эхэлчихсэн байхад монголчууд жалгандаа хэрэлдэж, улс төржиж суух эрх байхгүй.

-Тантай уулзах бүрт үргэлж хөгжлийн бодлого ярьдаг. Шинэ санаа хэлдэг. Долоон жилийн өмнө тантай ярилцаж байхад “internet of information”, “internet of things” ,“internet of value”-ийн ялгааг, төр жижигхэн болж, хүмүүс төвлөрсөн том системээс хамаарахаа болих тухай, ийм орчинд Монгол Улс яаж хөгжих талаар ярьж байсан санагдана. Өнөөдөр та өнөөх хөгжил, дэвшлээ ярьж байна. Гэхдээ таны энэ зөвлөгөөг шийдвэр гаргагчид хүлээж авах эсэх нь эргэлзээтэй?

-Оросууд ингэж хэлдэг, “Век живи, век учись” буюу “Зуун жил амьдар, зуун жил суралц”. Магадгүй зарим хүнд Баярцогтын яриа таалагдахгүй байж болно. Гэхдээ хэн нэгэн нь ядаж хөгжил, дэвшлийн тухай ярьдаг байх ёстой биз дээ. Шийдвэр гаргах түвшнийхэнд ойлгуулах хэрэгтэй биз дээ.

Монгол Улс цаг алдалгүй Artificial Intelligence буюу хиймэл оюун ухаан дээр суурилсан эдийн засаг руу орох хэрэгтэй байна. Үүний тулд монголчууд боловсролтой болох шаардлагатай байна. Монголчууд ердөө 3.5-хан сая. Гэтэл урд хөрш 1.4 тэрбумаасаа шигшээд 3.5 сая супер хүн гаргаж чадна. Бид ядаж дундаасаа хиймэл оюун ухааны салбарт ажиллаж чадах 500 мянган хүнийг бэлтгэх ёстой юм. Тэгж байж дэлхийгээс хоцрохгүй, хамтдаа явна. Долоон жилийн өмнө би танд хэлж байсан даа, дэлхийн эдийн засагт аргыг нь олвол ашиглаж болох маш их хөрөнгө байна гээд. Харамсалтай нь, аргыг нь олж чадсангүй юу, арга нь олдсонгүй юу, мэдэхгүй. Ямар ч байсан дэлхийн эдийн засагт байгаа тэр их мөнгөнөөс Монгол ашиглаж чадахгүй байгаа нь бодит үнэн. Бид уламжлалт эдийн засгаасаа гарч чадахгүй, жилийн зургаа, долоон хувийн өсөлтдөө сэтгэл ханах юм бол хорь, гучин жилийн дараа ядуу улс болж үлдэнэ. Ер нь ганц Монгол биш л дээ. Дэлхийн 200 гаруй улсаас бодлогын, технологийн, хандлагын өөрчлөлт хийж чадсан улсууд эдийн засгийн хөгжлөөрөө тасарна. Чадаагүй нь буурин дээрээ үлдэхээр байна. Тэгээд AI дээр суурилсан эдийн засагтай баян улсууд нь уламжлалт эдийн засагтай ядуу орнуудаа халамжаар угждаг систем руу орно. Ийм юмыг олж хараад байгаа хэрнээ ярихгүй байж болохгүй биз дээ. Үүнийг сануулж ярихаар хүмүүс пессимист төгсгөлтэй нэг кино шиг бодоод байдаг юм.

“AI” дээр суурилсан эдийн засаг цаашдаа 10 дахин, 100 дахин өснө. Тэрний суурь нь өөрөө юу вэ гэхээр супер роботууд хүний хөдөлмөрийг маш их хөнгөвчилж өгдөг. Нэг супер компьютер маш олон дата дээр богино хугацаанд ажиллаад шийдлийг нь гаргаад өгчихнө. Ийм супер шийдэл дээр суурилсан эдийн засаг нэгд, зардал бага. Хоёрт, бүтээмж нь өндөр, супер роботууд ажиллах хүчнийг орлоно. Хэрэгцээ шаардлагатай шинэ ажлын байран дээр ажиллах дараагийн роботуудаа супер роботууд нь үйлдвэрлэнэ. Супер роботууд өвдөхгүй, гомдоллохгүй, цалин авахгүй, 24/7 ажиллана. Иймээс хиймэл оюун ухаан дээр суурилж байгаа хөгжил уламжлалт эдийн засгаас улам хол тасарна. Эдийн засаг нь “AI” дээр суурилсан орнуудын хөгжил, хүн амын боловсрол, эрүүл мэнд мөн дагаад тасарна.

УЛС ТӨРИЙН ХУВЬД “POLITICAL STABILITY” БАЙЖ ЧАДВАЛ, МӨНГӨ ӨӨРӨӨ ОРЖ ИРДЭГ УЛС БОЛНО

-Хөгжил, дэвшлийг хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил авчирч чадна. Гэтэл төр бүгдийг дарангуйлж байна. Энэ тохиолдол шинэ хөгжил, шинэ технологи Монголд импортлогдож чадах уу?

-Цэвэр бизнес, чөлөөт өрсөлдөөн шинэ технологи шинэ эдийн засгийн хөгжлийг авчирдаг. Төрийн оролцоо бизнесийн салбарт бага, бүр маш бага байх ёстой. Дэлхийн бизнесүүд өнөөдөр юугаар өрсөлдөж байна вэ гэвэл технологиор өрсөлдөж байна. Технологийн шинэчлэлт улс оронд импортлогдохын хэрээр мөнгөний урсгал нэмэгддэг. Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ сайжирч байдаг. Дэлхийн бүх бизнес эрхэлдэг хүмүүс ашиг харж хөрөнгө оруулалт хийдэг. Хаана бага татвар, эрх чөлөө, их ашиг байна, тэнд мөнгөтэй хүмүүс цуглардаг. Хаана эрчим хүчний өртөг бага байна, тэнд үйлдвэрлэл, ажлын байр бий болж байдаг. Гэтэл манайд бизнесийн эрх чөлөө өдрөөс өдөрт хумигдаж байна. Эрчим хүчний хомсдол нүүрлэж байна. Уг нь Монгол эрчим хүчний маш өргөн бассейнтай. Нар нь, салхи нь, ус нь, уран нь, хүрэн нүүрс нь байна. Зөвхөн Эгийн гол, Сэлэнгэ мөрөн дээр хэд, хэдэн усан цахилгаан станц барьчих нөөц боломж байна. Монголчууд бидний аз болоход, манай говь нар, салхины эрчим хүчний хамгийн тохиромжтой, бурхнаас бэлэглэсэн гэмээр байгаль, газарзүйн тогтоцтой  том талбар юм.

Тэгэхээр хямд, найдвартай эрчим хүч, бизнесийн уртаас урт хамтрал, тууштай харилцаа, хамгийн бага татварын эрх зүйн орчинг бүрдүүлснээр хөрөнгө оруулагчид гуйсан, гуйгаагүй орж ирнэ. Орж ирсэн болгон чинь гаднаас бүх ажилтнаа авч ирдэггүй юм. Монгол хүмүүсийг сургаад ажилд авна.

Ийм учраас хөрөнгө оруулагчдыг зөвхөн мөнгө гэж харах хэрэггүй. Хөрөнгө оруулагчдыг дагаад шинэ технологи, шинэ боловсрол, шинэ соёл, шинэ ёс зүй, шинэ “generation” орж ирнэ. Тэр нь бидний үндэсний аюулгүй байдлын дархлаа болно. Хоёр том гүрний дундах газарзүйн сул талаа давуу байдал болгох боломж маш их байна гэж хэлэх гэсэн юм. Тэгээд хамгийн түрүүнд хийх зүйл бол ЭРЧИМ ХҮЧНИЙ ХУВЬСГАЛ.

-Эрчим хүчний эрх чөлөө эдийн засгийн эрх чөлөөнд хүргэнэ гэдэгтээ санал нэг байна. Гэвч, үнэндээ Монголыг эрчим хүчний хараат байлгах гадныхны сонирхолд үйлчилдэг монгол хүн цөөнгүй. Монголчууд Монголынхоо эрх ашгийн эсрэг ажилладаг нь худлаа биш шүү дээ?

-Монгол хүнийхээ хувьд хамгийн их харамсдаг зүйл юу вэ гэвэл Монгол Улсын хөгжлийг монгол хүмүүсийн гараар нурааж, боомилж байгаад харамсдаг. Наанаа үндэсний үзэлтэн, эх оронч гэж цээжээ дэлддэг хүмүүс яг эх орныхоо эрх ашгийг хамгаалж чадаж байна уу гэвэл сонин судалгаа гарч ирж магадгүй. Монголын хөгжилд ашигтай төсөл, хөтөлбөрүүдийн эсрэг монголчуудыг нь турхирдаг, тэр турхиралтад автдаг хүмүүс Монголоо улам бүр ядууруулж байгаагаа ойлгодоггүй. Эрчим хүчний хувьд Монгол тусгаар тогтнох бүрэн боломжтой. Эгийн голын усан цахилгаан станц Малайзын хөнгөлөлттэй зээлээр баригдсан бол 1998 онд Монгол Улс аль хэдийнэ эрчим хүчний хувьд тохируулгатай биеэ даасан системтэй болох байсан. Дараа нь 2007 онд барих гэж дахин оролдоод чадаагүй. 2015 онд Эгийн голын цахилгаан станц барих сургаар гэнэт Байгаль нуурт хайртай монгол хүмүүс гараад ирсэн. Тэд Юнеско руу гомдол гаргаад, төслийг зогсоочихсон юм. Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барихаар тохирсон байсан л даа. Тавантолгойн цахилгаан станц, Тавдугаар цахилгаан станц бүгд “эх орончид”-оосоо болоод баригдаагүй. ЗХУ-ын үед Хөвсгөл нуураас Сэлэнгэ мөрнөөр хойшоо хил хүртэл 50 гаруй том жижиг усан цахилгаан станц барих төлөвлөгөөтэй байсан юм  байна лээ. Төслийг нь хүртэл бэлдчихсэн байдаг. Тэгэхээр хамгийн түрүүнд бид Эгийн голын усан цахилгаан станц, Шүрэнгийн усан цахилгаан станцыг барих шаардлагатай болсон. Монголын бүх гол ус гадагшаа гарчихдаг. Тодорхой хэсгийг нь Монголдоо авч үлдэх олон улсын гэрээ хэлэлцээр бий. Тиймээс Орхон-Говь төсөл, Хэрлэн-Говь төслийг нэн яаралтай хэрэгжүүлэх ёстой. Яагаад гэвэл манай уул уурхайн хамгийн том бассейн чинь говь талдаа, усны нөөц багатай газар байршдаг. Нөгөө талаасаа бүтээн байгуулалтад хэрэгтэй. Мөн цөлжилтийн эсрэг үйл ажиллагаа явуулахад усны нөөц нэн чухал.

Эрчим хүчний хувьд бид нэг хэрэглэгчийн системтэй. Олон хэрэглэгчийн биеэ даасан бүс нутгийн тохируулгууд байхгүй болохоор үнийг нь төр тогтоож өгдөг. Нэг ёсондоо, манай эрчим хүчний салбар социалист системээсээ салаагүй. Тэр нь эдийн засгийн өсөлтөө харж, хангаж чаддаггүй юм.

-Тэгэхээр эрчим хүчний реформыг нэн яаралтай хийхгүйгээр үсрэнгүй хөгжлийн тухай, тэр тусмаа Азийн хөлөг улс болох талаар мөрөөдөлтгүй нь бололтой…?

-Би хувьдаа хамгийн түрүүнд эрчим хүчний реформ хийх ёстой гэж харж байна. Нэгдүгээрт, үнийг чөлөөлөх шаардлагатай. Хоёрдугаарт, олон оролцогчтой болох ёстой. Өөрөөр хэлбэл, нэг хэрэглэгчийн системээс олон хэрэглэгчийн тохируулгатай, тодорхой бүсдээ биеэ даасан болгох хэрэгтэй. Уул уурхай эрхэлдэг хувийн хэвшлүүд жижиг, том гэлтгүй эрчим хүчний эх үүсвэр хажуудаа барихыг нь чөлөөтэй болгочих ёстой юм. Хувийн хэвшлүүд энд тэндгүй эрчим хүчний эх үүсвэр бариад эхлэхээр дундах холболтыг нь хийж өгөөд эрчим хүч дутагдсан газраа нөхдөг механизм бүрдүүлэх боломж, бололцоо манайд бүрэн дүүрэн бий.

Ураны төслийг улстөржихгүйгээр алс ирээдүйн хөгжлөө бодож маш яаралтай хийх хэрэгтэй. Франц улс дэлхийн цөмийн энергийн тэргүүлэгч орнуудын нэг. Францтай хамтран хэрэгжүүлэх төсөл бидний хувьд алдаж болохгүй түүхэн боломж. Энэ бол Монголын хөгжлийг шинэ шатанд гаргах дараагийн мега төсөл болох ёстой. Манай урд Хятад гэж эрчим хүчээр өлссөн дэлхийн том гүрэн байна. Илүүдлээ урагшаа экспортлож болно. Явж, явж ирээдүйд эрчим хүч, хиймэл оюун ухаан дээр дэлхий “алалцана”. Тиймээс эрчим хүчний үнийг чөлөөлөөд, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татаж, эх үүсвэрээ нэмэх нь цаашдаа бидэнд уул уурхайгаас илүү их мөнгө олж өгөх байх. Дээр нь татвар нь тогтвортой, эрх зүйн орчин нь тааламжтай, улс төрийн хувьд “political stability” байж чадвал мөнгө гуйдаг биш мөнгө олдог, мөнгө өөрөө орж ирдэг улс болно.

-Яг үнэндээ Монгол мөнгө олдог улс болно гэх итгэл төрөхгүй байна. Өдөр ирэх тусам коммунист нийгэм руу ухарч байна. Ялсан намын, эрх мэдэлтэй даргын дургүйг хүргэвэл өмчөө хураалгана эсвэл эрхээ хязгаарлуулна. Тиймээс нэг бол даргыг магтах, нөгөө бол шоронд суух хоёрхон сонголттой болсон. Ийм улсад гадаадаас хөрөнгө оруулалт орж ирэх нь битгий хэл дотоодын хөрөнгө оруулагчид дүрвэхэд бэлэн байна?

-Удаан засаглаад ирэхээр хүмүүс өөрсдийнхөө алдааг олж харж чадахаа больдог. Дарга нарыг удаад ирэхээрээ вакумждаг гэж ярьдаг нь ийм учиртай. Вакумжсан дарга нар дүрдээ орохоор эргэн тойрных нь хүмүүс байнга магтаж, хийсэн ажлыг нь шүүмжлэхээ больдог. Мэдээж, хийсэн ажилд нь сайн, муу хоёулаа бий. Гэхдээ эрх мэдэлтэй хүмүүс вакумжихаар зөв шүүмжлэл хүлээж авах чадваргүй болдог. Буруу магтаалаар өөрийгөө хүрээлүүлдэг. Тиймээс ч монголчууд эртнээсээ “Сануулж хэлэх хүнгүй бол сайн засаг ч ялзарна” гэж ярьдаг, сургадаг байсан. Сонгууль болгоноор монголчууд өөр дүр, өөр бодлого сөөлжилж сонгодог байвал ерөнхийдөө Монголын ардчилал зөв зүг рүүгээ явж байна гэсэн үг.

Найман жил засаглачихсан байгаа нам үргэлжлүүлэн 12 жил засаглах дээрээ тулвал хүмүүс уур бухимдлын бүх буруугаа эрх баригчид руу чихдэг болно. Бүр маш энгийн, хувийн, гэр бүлийн стрессээ хүртэл төр засагтайгаа холбодог болно.

Эрсдэл нь юу вэ гэвэл, энэ нь хувьсгалын шинжтэй өөрчлөлт рүү аваачиж магадгүй. Хэрвээ тэгвэл өнгөрсөн бүх хугацаанд хийж бүтээсэн бүтээн байгуулалт, хөгжил дэвшлээ нураасантай ялгаагүй. Цаашилбал Монгол шиг жижиг эдийн засагтай орныг хөрөнгө оруулагчид тоохоо больж хаягдсан улс болно. Эцэст нь бид хоёр хөршийнхөө түүхий эд бэлтгэгч, буурай хөгжилтэй орон болж үлдэнэ.

Нөгөө талаас иргэдээс ирж байгаа уур бухимдал төр рүү ирж, хүссэн ч, эс хүссэн ч институци хоорондоо муудалцахад хүрдэг. Үр дагаварт нь засаглалын тогтворгүй байдал үүсч, Үндсэн хуулийн хямрал руу орно. Хэрэв ийм нөхцөл үүсвэл Монгол Улс дайнд нэрвэгдсэн орноос ч хэцүү байдалд орж болзошгүй. Алдаанаасаа дахин сургамж авах гэсээр байтал хөгжлийнхөө 10-20 жилийг алдана. Тэгэхээр бодлогын хувьд болон нүүр царай, төлөөллийн хувьд өөрчлөлт хийх цаг ирсэн байна.

АН-ЫН ҮЕД ЭДИЙН ЗАСГИЙН ТОМООХОН РЕФОРМЫН ШИНЖТЭЙ АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭЖ ЧАДДАГ

-Луу жилд монголчууд ухрах, урагшлахаа шийдэх хариуцлагатай сонголттой нүүр тулжээ гэж таны ярианаас ойлголоо. Товчхондоо, ардчилсан улсын иргэн байх уу, авторитари орны ард явах уу гэдэг нь энэ удаагийн сонгуулиас, бидний өгөх саналаас шалтгаалах юм байна, тийм үү?

-Нөхцөл байдлаа эрүүлээр харах юм бол Монгол ардчиллаас аажмаар ухарч байна. Үүнийг сонгогдсон диктатур гэдэг. Гаднаас нь харахад ардчилсан сонгууль явагддаг, улс төрийн олон намтай, олон хэвлэлтэй улс. Гэхдээ нэг нам засаг захиргааны бүх хүч нөөцийг бүрэн ашиглаад, хууль хүчний байгууллагыг өмнөө бариад, дөрөв дэх засаглалыг гартаа хийж аваад, мөнгө тараагаад ялалт авчраад байдаг. Энэ байдал удаан үргэлжилбэл, манайх яг хоёр хөрш шигээ нэг том намтай, эрх барьж байгаа намын бүлэглэлтэй ойлголцож чадсан тэр хэсэг хүмүүсийн аж амьдрал сайжирдаг, “мэдээллээр зэвсэглэсэн автократ” улс  /informational autocracy/ болж хувирна.

Сөрөг хүчнийг дэмждэг, ардчилал ярьдаг хүнгүй болно. Тэр ч бүү хэл 12 жил гудамжинд лааз өшиглөсний дараа сөрөг хүчин гэх ойлголтгүй болно. Хүмүүс прагматик учраас ажил амьдралд нь юу нөлөөлж байна, тэдэнд үйлчлэхээс, тэднийг халаасандаа “салаавчтай” дагахаас аргагүй болдог. 12 жил бол урт хугацаа шүү дээ.

Сөрөг хүчний дэмжигч байсан гэдгээрээ бизнес нь хавчигдаад, ажиллах боломж нь хумигдаад, үргэлж нүд үзүүрлэгдээд ирэхээр яах вэ гэвэл эрх баригч намд “хадаг” бариад очиход хүрнэ. Сонгогдсон авторитари тогтолцоо улам гүнзгийрэхийн зэрэгцээ шинжлэх ухаан техникийн дэвшлийг ашиглан бүгдийг хяналтдаа байлгаж, удирдаж, чиглүүлэхэд маш хямд, хялбар болж байна. Технологийн дэвшлийг ашиглаад хэн нэгэн хүн дээр хяналт тавих боломжтой болчихож байгаа юм. Жишээ нь, манай урд хөршид нийгмийн оноо гэсэн нэг хэмжүүрээр хүний үйл хөдлөл, зан байдал, бүх зүйлийг нь хянадаг.

Хиймэл оюун ухааныг зөв ашиглавал мөнгө болно. Буруу ашиглавал дарангуйлал тогтоно. Английн зохиолч Олдос Хакслийн “Brave new world”, Оросын зохиолч Евгений Замятины “Мы”, Жорж Оруэллийн “1984”-т зэрэг зохиолд гардаг шиг эрх баригчид ард түмнийг хянадаг тогтолцоо руу орно. Тэгэхээр юу яасан хүний эрх, юу яасан хувийн өмч манатай болно. Төр засгийг шүүмжилж байгаа хүн цөөрнө. Шүүмжилж байгааг нь худалдаж авна, хууль хүчний байгууллагаар дарамтална. Энэ бол диктатур тогтоосон бүх улсуудын ашигладаг сонгодог арга технологи. Дэлхийн авторитари улс орнуудад юу болдог вэ гэхээр удирдагчид гэмт бүлэглэлтэй тэмцэж нийгэмд таалагдаж эхлэнгүүтээ цаашлаад янз бүрийн зохиомол хэрэг тохож, сөрөг хүчний удирдагч нараа хоморголон барьдаг, хорьдог, хилс хэргээр ялладаг.

Авлига гэх нэрээр өрсөлдөгч нараа хоморголон улс төрөөс зайлуулах арга тактик байдгийг улс орнуудын жишээн дээр зөндөө харж болно. Бидний цөөхөн монголчууд ийм жишгээр явж болохгүй, сэрэмжтэй байх ёстой. Эрх мэдэл талдаа нэгдүгээрт, ийм эрсдэл ажиглагдаж байна. Хоёрдугаарт, эдийн засаг, бодлого талдаа нэг нам дангаараа 12 жил засаг барих нь алдаа болно. МАН социал демократ буюу зүүн төвийн нам. Зүүн төвийн гол бодлого нь том төр, өндөр татвар байдаг. Төсвийн дийлэнхийг нийгмийн халамж, эрүүл мэнд, боловсролд зарцуулдаг. Ингээд ирэхээр төрийн дарангуйлал нэмэгддэг.

Төрийн бизнес томордог. Эсрэгээрээ хувийн бизнесүүд жижгэрч, зах зээлд өрсөлдөх чадваргүй болдог. Өрсөлдөх боломжгүй болоод ирэхээр бизнесийн орчин өөрөө хумигддаг. Эцэст нь социалист тогтолцоо руу шилжиж, эдийн засаг  нь хөгжлийн чадваргүй болоод дампуурдаг.

Венесуэлийн дампуурал үүний хамгийн том жишээ. Бид найман жил ингээд явчихлаа. Дахиад дөрвөн жил МАН засаглавал манайд ажил хийдэг хүн, халамж авдаг хүн хоёрын бодит орлого бараг адилхан болно. Хөдөлмөрийн зах зээл ажиллах хүчний хомсдолд орно, ажил хийх сонирхолтой хүн байхгүй болно.

-Хувийн бизнес улам шахагдаж, төрийн бизнес томорч байгаа нь монголчууд эх орноосоо дүрвэж байгаа гол шалтгаан мөн үү?

-Ажил, амьдрал нь төрөөс, эх баригчдаас хэтэрхий хамааралтай болсон нөхцөлд аль ч улсад эрх баригчдын дэмжлэгтэй амьдрахыг хүсдэггүй, өөртөө итгэлтэй, амьдралаа аваад явчих чадвартай хүмүүс нь эрх чөлөөнд тэмүүлдэг, гадагшаа гардаг. Монголоос сүүлийн жилүүдэд 200 мянган хүн гарсан гэдэг тоо харсан. Энэ хамгийн харамсалтай зүйл. Манай нийгмийн хамгийн бүтээлч бүлэг нь гадагшаа “эдийн засгийн дүрвэгч” болон гарч байна. Тэд хаана ч аж, амьдралаа аваад явчих чадалтай хүмүүс. Энэ хүмүүс Монголдоо ажил хийж, амьдарч байсан бол улсынхаа эдийн засгийн хөгжилд маш чухал хувь нэмэр оруулах байсан болов уу.

Бодлогын хувьд хэт их халамжийн систем рүү шилжихээр 3.5 сая монголчуудын бүтээлч хэсэгт ирэх эдийн засгийн дарамт нэмэгддэг учраас тэр хэсэг нь гараад явчихаж байна. Ёс суртахууны хувьд гажуудсан, ажил хийх сонирхолгүй масстай болбол бүгд соц үеийнх шиг тарчиг амьдардаг болно. Ийм эрсдэл Монголын “амин дээр” тулчихжээ.

Дараагийн том нөлөөлөх фактор нь дэлхий нийтэд болж байгаа улс төрийн үйл явц, өрнөл. Бид хоёрхон хөрштэй, газарзүйн хувьд “түгжигдмэл” улс. Гэтэл хойд хөрш дайны байдалтай, өмнөд хөрш Америктай худалдааны дайнтай, манайхаас бусад бараг бүх хөрштэйгөө хилийн маргаантай, тэр тусмаа далайн эрэг дагуудаа сөргөлдөөний хурц байдалтай байгаа. Дээр нь эдийн засаг нь маш их томорсон, “Бүс ба зам” төслийг хэрэгжүүлж, дэлхийд Хятад төвтэй эдийн засгийн бодлого явуулах боломж нь нээгдчихсэн байна. Ийм үед бид ардчиллын үнэт зүйлээ хадгалж хамгаалсан, өөрийн тусгаар, үнэ цэнэтэй, биеэ даасан бодлого явуулах шаардлагатай. Монголын дархлаа бол парламентын засаглалыг бэхжүүлэх юм. Гэтэл парламентынх нь 80-90 хувийг нэг нам авчихаар нөгөө дархлаанд чинь асуудал үүснэ.

-Парламентын дархлааг нэмэх гэж УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосон гэж ойлгож байгаа. Гэхдээ парламентад аль нам олонх болохоос ардчиллын хувь заяа мэдээж хамаарна биз дээ?

-УИХ дээр эрх баригч, сөрөг хүчин хоёр ойролцоо баланстай байх нь парламентын дархлаанд сайнаар нөлөөнө. Мэдээж, парламентын дархлааг сайжруулахад УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, сонгуулийн тогтолцоогоо Үндсэн хуульдаа суулгаж өгсөн нь эерэг нөлөөтэй. 1992 онд анхны ардчилсан Үндсэн хуулийг батлаж, парламентын гишүүдийн тоог 76-гаар тогтооход Монголын сонгогчдын тоо нэг сая орчим байсан. Өнөөдөр Монгол Улсын сонгогчдын тоо 1992 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн. Хүн ам, сонгогчдын тоотой харьцуулж, УИХ-ын гишүүдийг тоог 126 болгох нь төлөөллийн зарчмыг хангахын зэрэгцээ нэг гишүүнд очих эрх мэдлийг бууруулж өгч байгаа юм.

Уг нь нэг нам дараалан засгийн эрх авах биш, баруун, зүүнээрээ ээлжилж, төр барьвал Монголын хөгжилд хэрэгтэй. Барууны үзэлтэй нам ялсан үед бизнесийн орчин тааламжтай болдог. Бизнесүүд сайжирч, эдийн засаг томордог. Өөрөөр хэлбэл, иргэд, аж ахуйн нэгж мөнгөтэй болдог. Зүүн төвийн нам засгийн эрх авбал томорсон эдийн засгаасаа халамж болгон тараах нь эх зэргээр бодлого сөөлжих нь өөрөө хөгжлийн баталгаа болдог. Нэг нам дараалан үнэмлэхүй ялж, эрх мэдлээ үргэлжлүүлбэл хөгжлийн бодлогын тэнцвэр алдагдана. Хөгжлийн бодлогын тэнцвэр алдагдвал иргэдийн дунд бухимдал үүсч, нийгэм хаост орсон нөхцөлд асуудлаа хувьсгалын аргаар шийднэ. Хувьсгалын аргаар шийдэхэд эргээд хийж бүтээснээ бүгдийг устгадаг. Тийм учраас зөв тогтолцоогоор балансаа бариад явбал хөгжил өөрөө баталгаатай болдог. Үүнийг хамгийн сонгодог утгаар нь хэрэгжүүлдэг орнууд гэвэл Европын Нордикийн орнууд байна. Баруун Европын орнуудыг нэрлэж болно. Ер нь цаашдын хувь заяагаа хэрхэн харах нь монголчууд ухаан зарах асуудал болчихоод байна.

-Харамсалтай нь, таны дээр дурдсан эрсдэлүүд Монголын улс төр, эдийн засагт бодитоор нүүрлэсэн. Найман жил засагласан МАН-аас иргэд залхаж, эх орноосоо зугатах болсон. Иймээс энэ удаад сөрөг хүчин засгийн эрх аваасай гэсэн хүлээлт нийгэмд үүссэн байна?

-2024 оны сонгууль зөвхөн Ардчилсан намд төдийгүй нийт монголчууд хувь заяагаа шийдвэрлэх том сорилт болж байна. Яагаад хүмүүс Ардчилсан намыг үгүйлээд байна вэ гэвэл манай нам засгийн эрх авсан үед иргэд үгээ дураараа хэлдэг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Монгол ардын нам засагласан үед бодит шүүмжлэл багасдаг. Ардчилсан нам гарсан үед бизнесийнхэн эрх чөлөөтэй, бизнес хийх боломжууд нь нэмэгддэг. Төрийн байгууллагын дарамт сулардаг. Харин МАН-ын үед шийдвэр гаргах түвшинд ойрхон бизнесүүд  цэцэглээд нийт бизнесийн орчин мууддаг. АН-ын үед эдийн засгийн томоохон реформын шинжтэй асуудлуудыг шийдвэрлэж чаддаг. Үнийг чөлөөлөхөөс эхлээд АН малыг нь, төрийн өмчүүдийг, орон сууцуудыг хувьчилсан.

Хүмүүсийг өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болгосон. Ардын намын үед халамж маш ихээр тараадаг, халамжийн бодлого хавтгайрдаг. Энэ нь өөрөө хүмүүст өдөр болгон “загас барьж өгөөд” байна гэсэн үг. АН засаглаж байгаа үед бид “загас барих аргыг” иргэдэд зааж өгдөг.

Тэр хүн өөрийн боломжоор “хэрэгцээндээ таарсан загасаа барина уу, хэрэгцээнээс илүү загасаа барина уу”, өөрөөс нь хамаарна. Өөрөөр хэлбэл, АН засгийн эрх авсан үедээ өөрийнхөө амьдралыг өөрөө шийдэх эрх чөлөөг нь иргэдэд өгдөг. Хүн мөнгөтэй, төгрөгтэй амьдрах сонголт, боломжийг АН өгдөг.

-Нэг хэсэг дэлхий даяар популизм газар авсан. Гэвч эргээд олон улсад ардчилал сэргэж байна. Үндсэндээ, Монголын ардчилал ч салаа замын яг уулзвар дээр байгаа. Аль замаар явах нь танай намын ялалт, ялагдлаас их, бага хэмжээгээр шалтгаалах нь гарцаагүй…?

-2024 онд дэлхийн 64+1 улсад сонгууль болж байгаа. Үүний үйл явцыг харахаар ямар зүйл ажиглагдаж байна вэ гэвэл нэг хэсэг популист хандлага, үйл явц давамгайлж байсан бол харин одоо дэлхий нийтийг хамарсан цар тахал, мөн олон улс орнуудыг хамарч, өргөжиж байгаа дайны байдал нь хүмүүс эргээд асуудлыг эрүүл, бодитойгоор харахад хүргэж байна. Түүний нэг илрэл нь зарим улс орнуудад сөрөг хүчин эргээд ялалт байгуулж байна. Жишээ нь, Туркийн орон нутгийн сонгуульд сөрөг хүчин нь ялалт байгууллаа. Өмнөд Солонгосын сонгуульд мөн адил сөрөг хүчин яллаа. Оны төгсгөлөөр АНУ-ын сонгууль болно. Энэ мэтчилэн дэлхий дахинд шинэ зүйлд нэгдэх, шинэ өөрчлөлт хийх процесс явж байна.

АН ялах эсэх нь бидний дотоодын эв нэгдлээс хамаарна. Биднийг одоо бэрхшээлүүд нэгтгэж байна. 2016 оны сонгуульд АН-ын дотоод зөрчил нь ялагдалд хүргэсэн. 2020 онд ахиад дотоод зөрчлөөсөө болж ялагдсан. Бид энэ алдаагаа ахин, дахин давтах ёсгүй. Өөрөөр хэлбэл, үзэл баримтлал дээрээ бат зогсоод намын дүрэм, мөрийн хөтөлбөр, үзэл баримтал дээрээ суурилсан зарчмаа баримтлаад, нэгдэж нягтраад явбал АН ялах бүрэн боломжтой.

-Танай намын зарим гишүүдийн үг, үйлдлээс харахад АН үнэт зүйл дээрээ яг нэгдэж чадсан уу. Нуугаад яах вэ, ийм эргэлзээ бол төрдөг?

-АН хэвтээ тогтолцоотой нам. Үзэл бодол ондоо олон хүмүүс бий. Тэдний аль нэг нь хувийн байр сууриа илэрхийлэхээр АН эв нэгдэлгүй байна гэж олон нийт ойлгодог. Сонгууль дөхсөн үед хувь улстөрч, хувь нэр дэвшигч өөр дээрээ оноо цуглуулахын тулд намын суурь үнэт зүйлээс зөрсөн мэдэгдлүүд хийж байгаа харагддаг. Гэхдээ монголчууд “жингийн цуваа явдгаараа явна” гэж ярьдаг шүү дээ.

-Хоёр байтугай салчихсан, хоёр тийшээ харчихсан АН ямартай ч малгай тавих толгойтой, толгой хоргодох оронтой, нэг зүгт хардаг болсон юм байна. Үүнд таны хувь нэмэр, оролцоо багагүй байгаа байх. Угаасаа ч С.Баярцогт улс төрд дундын эвлэрүүлэгч хийхдээ сайн, хэлэлцээрээр мэргэшсэн хүн шүү дээ?

-Сүүлийн долоон жил АН дотроо эв нэгдэл тааруу, үндсэндээ гурав хуваагдчихсан байсан. Нэг хэсэг би улс төрөөс хол, намын дотоод ажилд огт оролцоогүй. Тэр үед намын залуус маань ирж уулзаад намаа эвлүүлж, нэгтгэхэд оролцооч гэж урьсан. Монгол ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойшх олон ээдрээтэй асуудлыг шийдэх, эвсэн нэгдэх үйл явцад идэвхтэй оролцож байсныг минь тооцсон байх. Би ч бас АН-ын гишүүний хувьд ийм үүрэгтэй гэдгээ ойлгож байсан. Нэгдэж нийлэх нь манай намын бүх гишүүдийн хүсэл, эрмэлзэл байсан. Үүнд манай намын УИХ дахь бүлгийн гишүүд, нэр бүхий улстөрчид манлайлан оролцсон. Энэ процесс жил гаруй хугацаанд үргэлжилсэн, манай нам албан ёсны тамга тэмдэгтэй, даргатай, зохион байгуулалт, бүрэлдэхүүнтэй болсон. Дараа нь нэг жил шахам бүтэц зохион байгуулалт дээрээ ажилласан. Ардчилсан намд төдийгүй монголчуудын хувьд талцаж, хэрэлдэх цаг хугацаа алга байна. Үүнийг ойлгох ёстой. Ардчилсан нам өнгөрсөн найман жил маш хүнд цаг үеийг тууллаа. Улс төрийн тавцангаас бараг арчигдах шахлаа. Ардчилсан намыг тамирдуулах, хүчгүй, сул байлгах сонирхол гадаад, дотоодын захиалгатай байсныг үгүйсгэхгүй. Тиймээс бид нэгдэх ёстой юм байна, сул талаа тэвчих ёстой юм байна. Ийм ухаарлын насан дээрээ манай нам явж байна.

АН-ын нэрээр тодорхой албан тушаал хашиж явсан хүмүүс намын дотоод эв нэгдлийг бусниулах янз бүрийн юм сэддэг. Тэдний шидсэн чулуунд ахин, дахин оногдож болохгүй биз дээ. Өөрийгөө дэмжүүлэх зорилгоор, залуучуудыг дэмжих нэрээр хооронд нь хагаралдуулах оролдлого хийдэг. Тэр болгонд АН автахгүй байх ёстой юм.

-Иргэд улс төрийн намуудад итгэхээ больсон байна. АН, МАН-ын алийг нь ч дэмжихгүй гэсэн сонгогчид олширчээ. Олон нийт улс төрийн намуудаас залхаж байгааг та юу гэж дүгнэх вэ?

-Манай нам нэлээд судалгаа хийсэн. Судалгаагаар юу гарч ирсэн бэ? гэхээр улс төрийн намуудын рейтинг нийлээд, нийлээд 30-40 хувьтай байна. Сонголтоо хийгээгүй хэсэг нь 60-70 хувьтай гарсан. Өмнө нь АН, МАН хоёрын суурь масс адилхан 30 хувьтай, дундах хэсэг нь 30-40 хувьтай байдаг байлаа. АН-ын рейтинг буурахаар МАН-ынх өсдөг, МАН-ын рейтинг буурахаар АН-ынх өсдөг байсан. Гэтэл эрх баригч намын рейтинг унахаар бусад намуудын рейтинг төдийлөн өсөхгүй байгаа нь улс төрийн намуудын нэр хүнд олон нийтэд маш муу байна гэсэн үг. Зөвхөн намуудын нэр хүнд унаж байгаа юм биш, цаана нь Монгол төрийн нэр хүнд унаж байна. Иргэдийн төрдөө итгэх итгэл буурах нь маш хортой үр дагавартай. Түүхээ эргэн харахад иргэдийн төрдөө итгэх итгэл байхгүй болсон үедээ аль нэг хүчирхэг улсын эрхшээлд ордог гашуун сургамж бий.

МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ ЭДИЙН ЗАСГИЙН АРГААР БАТАЛГААЖУУЛСАН ТҮҮХЭН ШИЙДВЭР ГАРГАСАН С.БАЯР ДАРГАД ТАЛАРХАЖ ЯВДАГ

-МАН засгийн эрх барьсан найман жилд Монголын ардчиллын индекс, авлигын индекс, хэвлэлийн эрх чөлөөний индекс арагшаа хэдэн арван байраар ухарчихлаа. Эрх баригчид авлигатай тэмцэхийн хэрээр авлига, хулгайн хэмжээ тэрбумаар биш их наядаар тоологддог болсон. Үүний шалтгаан юу вэ?

-Авлигатай тэмцэхийн тулд үр дагавраас нь илүү үндэс суурьтай нь тэмцэх ёстой юм. Авлига хэзээ гардаг вэ гэхээр төрийн эрх мэдэл томорсон үед гардаг. Хаана үүсдэг вэ гэхээр төрийн бодлого, шийдвэр дээр үүсдэг. Хэрэв хувийн хэвшил нь ажиллах боломжгүй, дарга нар бүгдийг шийддэг болбол авлига нэмэгдэнэ. Монголын топ татвар төлөгчид нь “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой”, “Оюутолгой” гурав. Гэтэл авлига, хулгай “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” дээр үүрлэсэн байна.

Авлигатай тэмцье гэвэл нэн тэргүүнд төрийн өмчийг нээлттэй хувьцаагаар олон нийтийн хяналтад оруулах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, бид хүнсний, боловсролын, технологийн гээд бүх салбартаа олон улсын тэргүүний стандартуудыг авчраад наачихсан. Монгол дөнгөж хөгжиж яваа улс шүү дээ. Тэр олон тэргүүний стандартуудыг хангах боломжгүй. Тэгэхээр төр, хувийн хэвшлийн хооронд том асуудал үүснэ биз дээ. Тэгээд хяналт тавьдаг дундын систем дээр, хяналтын процесс дээр авилга үүсдэг.

Тиймээс манай нам засгийн эрх авбал хамгийн нэгдүгээрт энэ мэт бодлогын зөрчлийг арилгана. Хувийн хэвшил өөрсдөө хийж чадах боломжтой бүх салбарыг хувьчилна. Хувьчлахдаа биржээр дамжуулж, Монголын болон олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцааг нь нэгэн зэрэг зарах /dual listing/ ажлыг хийнэ. Жишээ нь, “Эрдэнэт”-ийн хувьцааг Нью-Йоркийн болон Монголын хөрөнгийн биржээр нэгэн зэрэг зарахад маш том хяналт орж ирнэ. Төрийн өмчид нүүрлэсэн авлига, хулгайг ийм замаар багасгана. Олон улсын хөрөнгийн бирж дээр гарсан компанийн үйл ажиллагаа ил тод, шилэн байдаг бөгөөд авлига, хулгай гарах ямар ч боломжгүй. Ингэж иргэн болгон зах зээлийн эдийн засгийн жинхэнэ оролцогч болсноор Монгол чөлөөт зах зээлд бодит утгаараа шилжих эхлэл тавигдана. Монголын хөрөнгийн бирж амилна, ийм реформ хийж байж авлигатай үндсээр нь тэмцэнэ. Түүнчлэн үйлчилгээний бус салбарын тодорхой хувийг, мөн жижиг аж ахуйн нэгжүүдийг жилд нэг удаагийн тогтмол татварт шилжүүлэх ажлыг хийнэ. Ингэснээр эдгээр бизнесийн байгууллагууд ямар нэгэн татварын болоод мэргэжлийн хяналтын дарамтад өртөхгүй. Үүний дараа хүмүүсийн бизнес, аж амьдрал сайжрахаар стандартаа бага багаар нэмэгдүүлэх ёстой юм.

-Танаас асуухгүй өнгөрч боломжгүй нэг сэдэв бий, Оюутолгой. Оюутолгойн гэрээг байгуулснаараа та бахархдаг гэж хэлж байсан. Эдгээр он жилүүдийн дараа таны энэ итгэл үнэмшил хэвээрээ юу. Аль эсвэл Оюутолгойтой холбогдсондоо одоо ч харамсдаг уу?

-Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурснаараа одоо ч би бахархдаг. Монголчууд анх удаа өөрсдөө бие даан хийж, гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татаж чадсан. Хэрвээ тэр үед С.Баяр гуайд Оюутолгойн төслийг хөдөлгөх улстөрчийн алсын хараа, иргэний эр зориг байгаагүй бол гэрээ өдийд ч зурагдахгүй байсан. Монголын тусгаар тогтнолыг эдийн засгийн аргаар баталгаажуулсан түүхэн шийдвэр гаргасан С.Баяр даргад талархаж явдаг. Оюутолгойн гэрээ, төслийн талаар, тухайн үеийн хэлэлцээр хийхэд ямар бэрхшээл учирч байсныг яръя гэвэл их зузаан ном унших хэрэгтэй болно. Гэхдээ ярьж байх ёстой юм байна гэж би сүүлд ойлгосон. Хүмүүс Оюутолгойн гэрээнүүдийн талаар маш дутуу, маш буруу ойлголттой явдаг юм байна лээ.

-Нэгд, Оюутолгойн гэрээнүүд гэж та олон тоон дээр ярилаа. Энэ нь ямар учиртай юм бэ? Хоёрт, Оюутолгойн гэрээний тухай дэлгэрэнгүй ойлголт өгөх маш зузаан номыг та хэдэн жилийн өмнө хэвлэж гаргасан шүү дээ?

-Монголын хөгжлийн төлөө сайн зүйл хийчихээд түүнийгээ ард түмэнд ойлгуулж чадаагүй нь миний буруу болж байгаа юм. Оюутолгойтой холбоотой 13 гэрээ байдгийг хүмүүс мэддэггүй юм байна лээ. Эдгээр гэрээнүүдийг бүгдийг нь эмхэтгээд, ямар засгийн үед юу болсон, хэн ямар шийдвэр гаргаж байсан, хэн яаж эсэргүүцэж байсан, хэн дэмжиж байсан гэх мэтчилэн түүхчилсэн ном гаргасан. Тэр ном хэвлэгдсэний дараа Оюутолгойн гэрээтэй холбоотой надад тохсон хилс хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Оюутолгойтой холбоотой Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Урьдчилгаа төлбөрийн гэрээ болон бусад хэд хэдэн гэрээ байдаг. 2011 онд хувь нийлүүлэгчдийн гэрээнд тодорхой өөрчлөлтүүд оруулсан. Дараа нь Дубайн гэрээг байгуулсан, тэр нь дотроо хоёр гэрээтэй. Эрчим хүчтэй холбоотойгоор хоёр Засгийн газар дамнаж гэрээ хийгээд хүчингүй болгосон гэх мэт олон процесс өрнөснийг хүмүүс уг номноос ойлгосон байх.

Оюутолгойн төсөл 70-100 жил үргэлжилнэ. Маш олон Засгийн газар дамжина. Тиймээс Монголын Засгийн газар өөрийнхөө ой санамжийг үргэлж авч явах, өмнөх туршлага дээрээ үндэслэн гэрээгээ сайжруулж, Монголд ирэх үр өгөөжийг сайжруулж явах “гарын авлага” ирээдүй хойч үеийнхэнд маань хэрэгтэй.

-Ингэхэд байна аа, Оюутолгойн төслийн хэдэн хувь нь Монголд өгөөж болж үлдэх юм бэ. Манай эх орончид С.Баяр, С.Баярцогт хоёр Монголд ашиггүй гэрээ байгуулсан, эх орноо “Рио Тинто”-д зарсан гэж буруутгадаг?

-Бид Оюутолгойгоос нэрлэсэн үнэ цэнээр 53 хувь, өнөөгийн үнэ цэнээр 59 хувийн өгөөжийг хүртэх гэрээ байгуулсан. Монгол Улс Оюутолгойн хөрөнгө оруулалтаас гурван янзаар шууд өгөөж авч байгаа. Нэгдүгээрт, татвараа авна, хоёрдугаарт ногдол ашгаа авна, гуравдугаарт, АМНАТ-аа авна. Шууд бус өгөөжийг нь тооцох аргагүй. Ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч компаниуд, орон нутагт үзүүлж буй дэмжлэг, тэднээс авч байгаа шинэ технологи, шинэ ноу-хау, шинэ мэдлэг, боловсролыг үнэлбэл том тоо гарна. Бүр том, мөнгөөр үнэлж болохгүй өгөөж нь Монголын тусгаар тогтнолыг эдийн засгийн аргаар баталгаажуулж байгаа мега төсөл юм.

Ер нь шилжилт хийж байгаа ядуу орноос өсөлтийн төлөө явж байгаа улс орны хувьд тухайн үеийнхээ ард түмэнд таалагдсан шийдвэр гаргах нь хөгжил авчирдаггүй. Тав, арван жилийн дараа эдийн засагт нөлөө үзүүлэх шийдвэрүүд хөгжил авчирдаг. Эдийн засагт нөлөө үзүүлэх шийдвэрийг гаргахад тухайн улстөрчөөс нэр хүндээ золиослох эр зориг шаардагддаг. Өнгөрсөн 34 жилийг хүн бүр өөр, өөрийнхөөрөө үнэлэх байх. Эдийн засагч, хуульч хүний хувьд өнгөрсөн 34 жилд Монгол Улсад хөгжил дэвшил авчирсан том үйл, том шийдвэр цөөн хүний иргэний зориг болон улс төрийн манлайллын дор шийдэгдсэн гэж боддог. С.Баяр, М.Энхсайхан, Да.Ганболд гээд Монголын төрд хийсэн гавъяаг нь үнэлэх учиртай хүмүүс шоронд хилс хэргээр ял авсанд маш ихээр харамсдаг. Тэр хүмүүсийг шоронд хийсэн гэхээсээ илүү Монгол хүмүүсийн зүрх, зоригийг шоронд хорихыг хүссэн байх. Монголын төрд үнэнчээр зүтгэвэл ингээд шоронд хорьчихно шүү гэж монгол залуусын зүрх зоригийг мохоох гэсэн санаархал нь байсан байх.