Ардчилсан намын гишүүд өмчийн газраа буцаан авахаар цуглалаа

Ардчилсан намын гишүүд өмчийн газраа буцаан авахаар цуглалаа


Ардчилсан намын гишүүд өмчийн газраа буцаан авахаар цуглав 

Одоогоос 11 жилийн өмнө Сүхбаатарын талбайн зүүн талд буюу соёлын төв өргөөний хүзүүвч хэсгийн 2200 мкв газрыг Ардчилсан нам өмчилж, тухайн үеийн байгууллагуудтай тохиролцон гэрээ байгуулжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл уг газрын маргаан эцэслэгдээгүй, Ардчилсан нам өөрийн гэсэн байргүй байсаар ирсэн. Тиймээс нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт болон намын бусад гишүүд өмч болсон газартаа намынхаа байрыг барьж, сонгуулийн штабаа байгуулахаа мэдэгдэв.

Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт “Энэ газар дээр Ардчилсан нам өөрийн гэсэн байртай болно гэж 11 жил хүлээж байна. Цаашид дахин хүлээж чадахгүй. Өнөөдрөөс эхлэн АН-ын сонгуулийн штаб энэ газар дээр байрлаж, үйл ажиллагаагаа явуулах болно. Тухайн үеийн байгууллагууд гэрээний үүргээ биелүүлэхгүй бол АН-ын гишүүдээсээ хандив цуглуулж, намынхаа хоёр давхар байрыг барина.

Мөн энэ газар дээр залуучуудад зориулсан хөгжлийн төв, гарааны бизнесийг дэмжсэн орчныг бий болгохын төлөө ажиллах болно” гэв.

Уг газарт “Улаанбаатар хотын банк” барилга барьж, нэг, хоёрдугаар давхрыг АН-д өгөхөөр тохиролцсон ч өдгөө асуудал маргаан болж, шүүхийн шатанд явж байгаа юм.