Ардчилсан намын ЕНБД Ц.Баатархүү, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Дөлгөөн нар өнөөдөр \2020.06.12\ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын ЕНБД Ц.Баатархүү “Корона вирусын энэ үед эдийн засгийн нөхцөл байдалд маш хүнд болж, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, ажилгүйчүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа энэ үед эрх барьж буй нам маш өндөр үнэтэй, тансаг сонгууль хийж байгаад Ардчилсан нам харамсаж байна. Эрх баригчдын эдийн засгаа эрчимжүүлэх 5.1 их наядын долоон шийдвэр чинь амьдралд буухгүй, үр дүнгүй байна. Бизнес эрхэлж байгаа иргэдийн үйл ажиллагаа сайжрахгүй, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа энэ үед эдийн засгаа эрчимжүүлэх шуурхай арга хэмжээ авах шаардлагатай. Учир нь Монгол Улс одоо байгаа нөхцөл байдалдаа судалгаатай зөв дүгнэлт хийж, оновчтой шийдвэр гаргахгүй бол ар араасаа маш олон аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа хааж эдийн засаг сэргэж чадахааргүй хүнд нөхцөл байдал руу орох гэж байна. Тиймээс Ардчилсан нам гурван зүйлийг санал болгож байна. Тодруулбал, Covid-19-ын үед авах 5.1 их наяд төгрөгийг гадаадад амьдарч байгаагаас үл хамааран Монгол Улсын иргэн бүрд ижил тэнцүү нөхцөлтэйгөөр олгох боломж байна. Өөрөөр хэлбэл, гадаадад амьдарч байгаа иргэддээ сар бүр 500 ам.долларын тусламж дэмжлэг үзүүлэх ажил хэрэгч саналыг гаргаж байна. Мэдээж гадаадад ажиллаж, амьдарч буй бүх иргэндээ мөнгөн дэмжлэг үзүүлэх боломжгүй ч оюутан, эмчлүүлж байгаа, ажилгүй болсон зэрэг онцгой шалтгаантай иргэддээ туслах боломжтой. Саяхан Польш улсад харамсалтай хэрэг гарлаа. Үүнийг эрх баригчид, төр засаг хараагүй юм шиг өнгөрүүлэх нь буруу.
Мөн эдийн засгаа эрчимжүүлэх, хувийн хэвшлүүдээ дэмжих, ажлын байрыг хамгаалах шаардлагатай. Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид болоод том, жижиг гэж ялгахгүй аж ахуйн нэгжүүддээ урт хугацаатай хүүгүй зээл олгох боломж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд өрх айл, аж ахуйн нэгжүүдээ дэмжээд ажлын байрыг нь хамгаалаад, ажилтай орлоготой байлгаж болж байна. Гэтэл манай улсад Covid-19-ын үе буюу эдийн засгийн энэ хүнд үед Монгол Улсын Засгийн газар эх үүсвэр нь тодорхойгүй 5.1 их наяд төгрөг зарцуулна гэж амласан. Гэтэл тэр мөнгө юунд зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй байна. Бидний хардаж байгаагаар Covid-19-ын үед зарцуулагдах 5.1 их наяд төгрөг энэ тансаг сонгуульд зарцуулагдаж байна уу гэж харж байна ” гэв.
Цар тахлаас дөрвөн сарын дотор 40 гаруй мянган хүн ажилгүй болоод байна
Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Б.Дөлгөөн “Covid-19-ын үед зарцуулагдахаар төлөвлөсөн 5.1 их наяд төгрөгийг иргэдийн амьжиргааг хамгаалахад зарцуулах ёстой. Нэгдүгээрт, төрөөс ямар ч хамааралгүй хувийн хэвшлийн компаниудын үйл ажиллагааг дэмжих замаар 700-800 мянган ажлын байрыг хамгаалах хэрэгтэй байна. МҮХАҮТ-ын гаргасан судалгаагаар цар тахлаас болж эхний дөрвөн сарын дотор 40 гаруй мянган хүн ажилгүй болсон. Энэ тоо өдрөөс өдөрт өссөөр сонгуулийн дараа бүр нэмэгдэхээр байна. Тиймээс Covid-19 дэгдээгүй байхад төлөвлөсөн ажил буюу усан оргилуур, музей зэргийг хойшлуулж аж ахуйн нэгжүүдээ дэмжих хэрэгтэй байна. 2018 онд хийсэн судалгаагаар ядуурлын төвшин 28.5 хувьд хүрсэн байсан. Гэтэл 2018 онд эдийн засаг Covid-19-ын үе муудаагүй байсан. Тэгвэл одоо 2018 оны 28.5 хувь дээр нэмэгдээд нийт хүн амын 15 хувь ядуурал руу орох эрсдэлтэй байна. Тиймээс Засгийн газар бодлогоо эрсдэлтэй бүлэг рүү чиглүүлэх ёстой. Түүнээс биш ямаанд мөнгө өгөх зэрэг хөтөлбөр чинь байгаа онохгүй байна” гэлээ.